Нийт нутгийн 87 хувьд цастай байна

Нийт нутгийн 87 хувьд цастай байна

Цаг уурын байгууллагаас гаргадаг арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр сарын 20-ны байдлаар нийт нутгийн 87 хувьд цастай байна.

Цасны зузаан хамгийн их байгаа сумдыг дурдвал Увсын Ховд, Цагаанхайрхан, Завханы Цэцэн-Уул, Баянтэс, Тэс, Хөвсгөлийн Цэцэрлэг, Сэлэнгийн Ерөө, Орхонтуул, Орхон, Хүдэр, Цагааннуур, Мандал, Хушаатад 31-45 см байна. Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад 10 хувиар нэмэгдсэн байна.

Өнгөрсөн арав хоногт ихэнх нутгаар хүйтэрч, хамгийн хүйтэн нь Завханы Тэс, Баянтэс, Цэцэн-Уул, Тосонцэнгэл, Их-Уул, Отгон, Увсын Зүүнговь, Тэс, Сэлэнгийн Ерөө, Зүүнбүрэн, Хушаат, Дархан-Уулын Орхон, Хөвсгөлийн Ренчинлхүмбэ, Цагааннуур, Баянхонгорын Гурванбулагт -47...-52 градус хүрсэн байгаа бол салхины хурд тал хээр болон говийн нутгаар түр зуур 16-27 м/с буюу аюултай үзэгдлийн, Ховдын Ховд, Чандмань, Өмнөговийн Булганд 28-30 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.