Жил бүр олны анхаарлыг татаж, хамгийн их үзэгчтэй байж, “UG arena”-г хэдэнтээ дүүргэж, үзэгчдээ суудлаас нь өндөлзүүлдэг топ спортуудын нэг нь сагсан бөмбөг болоод багагүй хугацаа өнгөрлөө. Түүнчлэн сагсан бөмбөг сонирхогч, дэмжигчдийн хамгийн их хүлээдэг “Үндэсний дээд лиг”-ийн хасагдах шатны тоглолтууд удахгүй эхлэх гэж байгаа энэ үед иргэдийн анхаарлыг татдаг нэг сэдэв болох сагсчид ямар цалин, хөлс авдаг талаар судалж үзлээ.
-ЛЕГОНАР ТОГЛОГЧДООС ДЕМАРКУС КАЗИНС 500 МЯНГАН АМ.ДОЛЛАРААР “СЭЛЭНГЭ БОДОНС” БАГТ ТОГЛОЖ БАЙГАА НЬ ХАМГИЙН ӨНДӨР ДҮН БОЛООД БАЙНА-
Энэ жил хасагдах шатанд шалгарсан “Сэлэнгэ Бодонс” багт нэгэн цагт NBA-ын “Супер од” гэгдэж байсан Демаркус Казинс хоёр дахь удаагаа тоглохоор болсон бөгөөд сагсан бөмбөг сонирхогчдын дунд түүнтэй хэдэн төгрөгөөр гэрээ байгуулав гэдэг нь ихэд анхаарал татаж буй. Тэгвэл Демаркус Казинсийн хувьд энэ жил 500 мянган ам.долларын цалин авч байж магадгүй байна. Гэхдээ зөвхөн энэ зардлаар зогсохгүй хоол, байрлах байр гэх мэт Монгол Улсад байх хугацаанд гарах бүх зардлыг тухайн баг хариуцан ажиллана. Түүний хувьд өнгөрсөн жил 1 сая ам.долларын цалин авч “Сэлэнгэ Бодонс” багт тоглосон гэх мэдээлэл байсан бөгөөд энэ нь Монгол дахь легонар тоглогчдын авч байгаа цалингийн хамгийн өндөр дүн болоод байна.
Харин бусад багуудын легонар тоглогчид сард хамгийн багадаа сард 5000-8000 ам.доллар, өмнөх амжилт, тоглох ур чадвар, зэрэглэл зэргээс хамаарч 28 мянган ам.доллар хүртэлх цалин авч байгаа аж.
Үүн дээр нэмээд бүх легонар тоглогчдын хоол, байр зэрэг зүйлсийг тухайн багаас хангадаг. Тухайлбал, “Хасын Хүлэгүүд” багийн легонар тоглогч Иан Миллер сард 28 мянган доллар авдаг гэх мэдээлэл байна. Түүний хувьд өнгөрсөн /2024-2025/ улиралд “Хасын Хүлэгүүд” багт тоглож, аварга авах хамгийн чухал үүргийг гүйцэтгэсэн бөгөөд энэ жил ч аваргаа хамгаалахаар дахин “Хасын Хүлэгүүд” багтаа нэгдээд буй.
-МОНГОЛ САГСЧДЫН ДУНДАЖ ЦАЛИН 60-80 САЯ БАЙДАГ БОЛ Э.ДӨЛГӨӨН, А.АНАНД НАРЫН ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧИД ЖИЛИЙН 300 САЯ ТӨГРӨГӨӨР ГЭРЭЭЛЖЭЭ-
Тэгвэл энэ жилийн хувьд “Сэлэнгэ Бодонс” баг 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тоглогчид болох Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням, А.Ананд, О.Энхбаатар нартай жилийн 500 сая төгрөгийн гэрээ байгуулсан гэдгээ нээлттэй зарласан бөгөөд энэ нь одоогоор мэдэгдэж буй монгол сагсчдын цалингийн хамгийн өндөр дүн болоод байна.
Мөн сагсчдын авч байгаа цалингийн талаар МУГТ Б.Билгүүн нэгэн ярилцлагадаа “Миний хувьд жилийн 40 сая орчим төгрөгийн цалин авдаг. Манай багийнхан 30-80 сая төгрөгийн хооронд тамирчидтайгаа гэрээ байгуулсан. Бусад багуудын дундаж тоглогчдын цалин жилийн 60-80 сая, шигшээ багт тоглох түвшний тамирчид жилийн 250-300 сая төгрөг авч байгаа гэж бодож байна. Тэрнээс ч өндөр цалин авдаг тоглогчид цөөн хэд байгаа” хэмээн ярьж байв.
Тэгвэл “Үндэсний дээд лиг”-ийн хамгийн бага цалинтай тоглогч жилийн цалин 30 сая төгрөг, сард хуваавал 2.5 сая төгрөг авдаг байна.
Сонирхуулахад, Монголд сагсчдын цалин хангамж сайжрахын хэрээр гаргах амжилтууд нь ч сайжирч байна. Тухайлбал манай сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн шигшээ багийн хувьд 2025 онд анх удаагаа “Азийн аварга шалгаруулах тэмцээн”-ий урьдчилсан шатанд тоглож, үндсэн тэмцээндээ шалгарахад нэг хожил дутсан. Өмнөх зун Монгол улсад зохион байгуулагдсан “3x3” сагсан бөмбөгийн “Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-д эмэгтэйчүүдийн шигшээ баг мөнгөн медаль хүртсэн. Мөн “Хасын хүлгүүд” баг “Азийн Аваргуудын Лиг” /Basketball Champions League/-ээс хүрэл медаль
Дүгнээд хэлбэл, энэ жил Демаркус Казинс хамгийн өндөр дүнгээр буюу 500 мянган ам.доллараар гэрээлсэн бол бусад легонар тоглогчид 5000-28000 ам.долларын цалин авч байна. Харин Монгол тоглогчдоос Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням нарын шигшээ багийн тамирчид 300 сая, МУГТ Б.Билгүүн 40 саяар багуудтайгаа тус тус гэрээлжээ.
Сэтгүүлч Н.МӨНХБААТАР