Сайд асан Н.Тавинбэх зөвлөх П.Товуудоржийн дүүгийн компанид давуу байдал олгож, тэд Монгол төдийгүй оффшор бүсэд үл хөдлөх хөрөнгө авсан байж болзошгүй байна

Сайд асан Н.Тавинбэх зөвлөх П.Товуудоржийн дүүгийн компанид давуу байдал олгож, тэд Монгол төдийгүй оффшор бүсэд үл хөдлөх хөрөнгө авсан байж болзошгүй байна

"ДЦС-IV" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал, Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан Н.Тавинбэхийг өнгөрсөн долоо хоногт АТГ-аас саатуулан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа билээ.

-Н.ТАВИНБЭХ НАР ОФФШОР БҮСЭД Ч ХӨРӨНГӨ ХУДАЛДАХ АВСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ БАЙНА- 

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын “Монгол Улсын 10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн гэрээг БНСУ-ын “Эксим банк”-ны эх үүсвэртэй 40 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр буюу 148,7 сая ам.долларын өртөг бүхий гэрээг 2019 онд байгуулсан байдаг.

Улмаар Эрчим хүчний яамнаас 2019 онд дээрх төслийн Зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр БНСУ-аас 2 аж ахуй нэгж, Монгол Улсаас нэг аж ахуйн нэгжийн түншлэлийг сонгон шалгаруулж, Зөвлөх үйлчилгээний 9 сая гаруй ам.долларын гэрээг байгуулсан аж. Үүнээс хойш төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч компанийн ажлын гүйцэтгэл хангалтгүй, мөн зөвлөх үйлчилгээний гэрээний хугацаа дууссан байхад Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан Н.Тавинбэх нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Зөвлөх үйлчилгээний” гэрээний хугацааг сунгасан, зөвлөх үйлчилгээний төсвийг үндэслэлгүйгээр 2,6 сая ам.доллароор нэмэгдүүлж, Монгол Улсын нэр бүхий аж ахуй нэгжид эдийн засгийн давуу байдал бий болгосон нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон гэдгийг АТГ-аас мэдээлээд байгаа.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад зөвлөх үйлчилгээ үзүүлэгч Монгол Улсын нэр бүхий аж ахуйн нэгж нь Н.Тавинбэхийг Эрчим хүчний сайдаар ажиллаж байхад нь түүний зөвлөхөөр ажиллаж байсан иргэн П.Товуудоржийн үүсгэн байгуулсан компани болох нь тогтоогдсон бөгөөд зөвлөх үйлчилгээтэй холбоотой 2.1 сая ам.доллар буюу 7 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтийг гаргуулан авсан байдаг аж. 

-ХЭРГИЙН ГАЗРААС Н.ТАВИНБЭХИЙН УЛ МӨР ИЛЭРСЭН ТУЛ ХОЙШЛУУЛШГҮЙГЭЭР СААТУУЛЖЭЭ-

Уг хэрэгт холбогдуулан Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, Эрчим хүчний сайдын зөвлөхөөр ажиллаж байсан П.Товуудорж, Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Нямаа нарыг саатуулан шалгаж байгаа юм. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар дээрх хэрэгт холбоотойгоор хуулийн байгууллагаас гүйцэтгэх ажиллагаа явуулахад хэргийн газарт болон тухайн хүний хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан Н.Тавинбэхийн ул мөр илэрсэн байна. Тиймээс түүнийг саатуулан шалгаж байгаа аж.  Тэгвэл Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан Н.Тавинбэх нь ямар компанид давуу байдал олгож, зөвлөх үйлчилгээтэй холбоотой 2.1 сая ам.доллар буюу 7 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтийг гаргуулан авсан байв гэдэг нь анхаарал татаж байна. 

-ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН ЗӨВЛӨХ П.ТОВУУДОРЖ ТӨРСӨН ДҮҮ П.ДАВААДОРЖИЙНХОО НЭР ДЭЭРХ КОМПАНИАР ТЕНДЕРТ ОРОЛЦЖЭЭ-

Төрийн мэдээллийн нээлттэй сангаас шүүж үзвэл Эрчим хүчний яамны захиалгатай "Томоохон баг, суурин газруудыг эрчим хүчээр хангах, сумдын 0.4 кВ-ын шугамын өргөтгөл, шинэчлэлт /улсын хэмжээнд/ төсөл, арга хэмжээний хүрээнд Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Архангай, Булган, Хөвсгөл, Төв, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Баянхонгор, Өмнөговь аймагт хэрэгжих барилга угсралтын ажил"-ын зөвлөх үйлчилгээний тендерт "Грийн Энержи Интернэйшнл" ХХК шалгарсан байна. 

Тус компани нь Эрчим хүчний сайдын зөвлөхөөр ажиллаж байсан П.Товуудоржийн төрсөн дүү П.Даваадоржийн 100 хувийн эзэмшлийн компани бөгөөд Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан Н.Тавинбэх тус компанид давуу байдал олгож, олон тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон гэх нөхцөл байдал тогтоогдоод байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайд этгээдүүд нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон байж болзошгүй хөрөнгийн эх үүсвэрээрээ Монгол Улсад төдийгүй, оффшор бүсэд ч үл хөдлөх хөрөнгө худалдах авсан байж болзошгүй байгаа юм байна. Тиймээс хуулийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг хойшлуулшгүйгээр явуулж байгаа аж.  Бид уг хэргийн талаар эргэн мэдээлэх болно. 

"Грийн Энержи Интернэйшнл" ХХК-ийн нээлттэй мэдээлэл




Өнөөдөр могой өдөр

2 цагийн өмнө