Ерөнхий сайд Г.Занданшатарын оролцож буй Давосын чуулга уулзалтад АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, Украины ерөнхийлөгч В.Зеленский нарын хүмүүс оролцож байна

Ерөнхий сайд Г.Занданшатарын оролцож буй Давосын чуулга уулзалтад АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, Украины ерөнхийлөгч В.Зеленский нарын хүмүүс оролцож байна

Дэлхийн эдийн засгийн 56 дугаар чуулга уулзалт 2026 оны нэгдүгээр сарын 19–23-ны өдрүүдэд Швейцарын Холбооны Улсын Давос хотноо “Яриа хэлэлцээний амин сүнсийг сэргээх нь (A Spirit of Dialogue)” сэдвийн дор зохион байгуулагдах бөгөөд манай улсаас Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож байна.

Давосын энэхүү эдийн засгийн форум нь жил бүр оны эхэнд зохион байгуулагддаг бөгөөд дэлхийн 2500 гаруй бизнес, улс төрийн лидерүүд болон судлаачид, академик хүрээнийхэн цугларч, тухайн жилийн эдийн засгийн өнгийг тодорхойлдог төдийгүй ирэх жилүүдийн улс төр, нийгэм, эдийн засгийн бодлогыг тодорхойлдог зэрэг ач холбогдолтой бөгөөд уулзалтын чухал талбар болж өнгөрдөг. Тэгвэл энэ жил Засгийн газрын тэргүүн энэхүү форумд дэлхийн 60 гаруй улсын төр, засгийн тэргүүнүүдийн хамт оролцож байна.

Энэ жил Давосын чуулга уулзалтад хоёр мянга гаруй дэлхий дахины бизнесийн лидерүүд оролцохын зэрэгцээ эрдэмтэд, томоохон нээлтийн эзэд, Нобелийн шагналтнууд оролцож байгаа бөгөөд хамгийн чухал нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Украины ерөнхийлөгч В.Зеленский, Германы канцлер Фридрих Мерц нар оролцож байгаа нь энэхүү чуулга уулзалтыг улам бүр ач холбогдолтой болгож байна.

Нэг ёсондоо дэлхийн улс төр, бизнес, мөнгө санхүүгийн бодлогыг тодорхойлогчид оролцож байгаагаараа онцлог гэж хэлж болохоор байна. Тэгвэл энэхүү чуулга уулзалтад манай улсын Засгийн газрын тэргүүн Г.Занданшатар эх орноо төлөөлөн “Дэлхийн аялал жуулчлалын өндөр түвшний уулзалт”, “Байгаль орчны төлөөх дэлхийн хамтын ажиллагааны эрчийг эрчимжүүлэх нь”, “Тойрог үнэ цэнийн сүлжээнд хиймэл оюун ухааны хэрэглээ” зэрэг сэдвээр хуралдаанд үг хэлж, санал бодлоо илэрхийлэхээс гадна Дэлхийн эдийн засгийн манлайлагчдын холбогдох хэлэлцүүлгүүдэд оролцох төлөвтэй байна. Бид уг үйл явдлын талаар шуурхай мэдээлэх болно.