Монгол, Орос зэрэг 75 орны цагаачлалын визний боловсруулалтаа АНУ түр зогсоожээ

Монгол, Орос зэрэг 75 орны цагаачлалын визний боловсруулалтаа АНУ түр зогсоожээ

АНУ-ын Төрийн департамент Сомали, Орос, Иран зэрэг 75 орны иргэдэд олгох цагаачлалын визний боловсруулалтыг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргасан байна. Энэхүү арга хэмжээ нь нийтийн тэтгэмж, төлбөрт найдах эрсдэлтэй өргөдөл гаргагчдад илүү хатуу шалгалт хийх зорилготой ажээ.

Энэ тухай мэдээллийг Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч өөрийн Х хуудастаа нийтэлсэн байна. 

Fox News-ийн анх мэдээлснээр, Төрийн департаментын дотоод санамж бичигт консулын ажилтнуудад виз олгох журмыг дахин үнэлж дуустал одоогийн хуулийн хүрээнд виз олгохоос татгалзахыг үүрэг болгосон байна. Уг жагсаалтад Афганистан, Бразил, Египет, Ирак, Нигери, Тайланд, Йемен зэрэг олон улс багтсан бөгөөд визний боловсруулалт энэ сарын 21 /2026.01.21/-нээс эхлэн тодорхойгүй хугацаагаар зогсоно гэжээ. 

2025 оны 11 дүгээр сард АНУ-ын Төрийн департамент дэлхий даяарх консулын газрууддаа илгээсэн цахилгаан мэдээндээ цагаачлалын хуулийн “нийтийн төлбөр” заалтыг илүү өргөн хүрээнд хэрэгжүүлэхийг зааварласан байна. Тухайлбал,  нас, эрүүл мэнд, англи хэлний мэдлэг, санхүүгийн байдал, урт хугацааны эмнэлгийн тусламж авах магадлал зэрэг хүчин зүйлсийг харгалзан, ирээдүйд нийтийн тэтгэмжид найдах эрсдэлтэй гэж үзвэл виз олгохоос татгалзахыг зөвлөжээ. 

Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Томми Пигготт, “АНУ-ын татвар төлөгчдийн өгөөмөр сэтгэлийг ашиглах хүмүүсийг нэвтрүүлэхгүй байх нь бидний үүрэг” хэмээн мэдэгджээ. 

Иймд энэхүү шийдвэрийн үл хамаарах тохиолдлууд маш хязгаарлагдмал байх бөгөөд "өргөдөл гаргагч нийтийн төлбөрийн эрсдэлгүй" гэдгээ бүрэн нотолсон тохиолдолд л виз олгогдох ажээ. 

Тэгвэл цагаачлалын визний боловсруулалтыг түр хугацаагаар зогсоох улс орнуудын жагсаалтад Афганистан, Албани, Алжир, Антигуа ба Барбуда, Армени, Азербайжан, Багамын арлууд, Бангладеш, Барбадос, Беларусь, Белиз, Бутан, Босни, Бразил, Бирм, Камбож, Камерун, Кабо Верде, Колумб, Кот-д'Ивуар, Куба, Ардчилсан Конго улс, Доминика, Египет, Эритрей, Этиоп, Фижи, Гамби, Гүрж, Гана, Гренада, Гватемал, Гвиней, Гаити, Иран, Ирак, Ямайка, Йордан, Казахстан, Косово, Кувейт, Киргизстан, Лаос, Ливан, Либери, Ливи, Македони, Молдав, Монгол, Монтенегро, Марокко, Балба, Никарагуа, Нигери, Пакистан, Конго улс, Орос, Руанда, Сент-Киттс ба Невис, Сент Люсиа, Сент-Винсент ба Гренадин, Сенегал, Сьерра-Леоне, Сомали, Өмнөд Судан, Судан, Сири, Танзани, Тайланд, Того, Тунис, Уганда, Уругвай, Узбекистан, Йемен гэсэн нийт 75 улс багтсан байна. Мэдээллийн эх сурвалжийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Эх сурвалж: Fox news




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө