"Хангайн Бор" киноны зохиолыг Холливудын алдарт зохиолч Жон Фуско, түүний хүү Жиованни Фуско нар бичиж байна

"Хангайн Бор" киноны зохиолыг Холливудын алдарт зохиолч Жон Фуско, түүний хүү Жиованни Фуско нар бичиж байна

Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын Уран Зохиолч, Соёлын Гавъяат Зүтгэлтэн, Ах Урианхан овогт Бөхийн Бааст гуайн 1969 онд бичиж, тухайн жилдээ Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал авч байсан Хангайн Бор туужаас сэдэвлэсэн "Хангайн Бор" уран сайхны киноны зохиолыг Холливудын алдарт зохиолч Жон Фуско, түүний хүү Жиованни Фуско нар бичиж байгаа аж_

Энэхүү тууж нь хүн, амьтан, байгалийн хоорондын гүн гүнзгий, мөнхийн харилцааг нүүдэлчдийн гүн философи, ертөнцийг үзэх үзлээр дамжуулан өгүүлдэг. Жон Фуско бол Netflix-ийн "Марко Поло" (2014–2016) цувралын санаачлан бүтээгч, ерөнхий продюсер, зохиолч юм. Түүний уран бүтээлд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн "Spirit" хүүхэлдэйн кино (Оскарын шагналд нэр дэвшсэн), "Hidalgo", "Young Gun", Jet Li, Jackie Chan-н тоглосон "Хориотой хаант улс", Michelle Yeoh, Donnie Yen нарын тоглосон "Унтаж буй бар, гэтэж буй луу " зэрэг сонгодог бүтээлүүд багтдаг. 

"Хангайн Бор" киноны санаачлагч, продюсераар Монгол Улсын Соёлын Элч, жүжигчин, продюсер, мисс А.Баярцэцэг өөрийн баг хамт олонтой ажиллаж байгаа бөгөөд Фускогын оролцоонд талархал илэрхийлж, уг кино нь Монголын кино урлагийг цоо шинэ өнгө төрхөөр дэлхийд гайхуулан таниулах, нүүдэлчдийн гүн ухаанд тулгуурласан, дэлхийн үзэгчдэд зориулагдсан, орчин үеийн дэлхийн кино урлагийн сонгодог бүтээл болж чадахуйц бүтээл болж чадна гэдгийг онцоллоо.