Улаанбаатар хотын агаарын бохирдол нийслэлчүүдийн толгойны өвчин болоод олон жилийн нүүрийг үзлээ. Энэ асуудлыг шийдвэрлэхээр олон төсөл хөтөлбөр, төсөв зарцуулсан ч үр дүн хангалтгүй байсаар ирсэн. Түүний нэг хагас коксон түлшийг нийслэлчүүд галлагаандаа энэ өвлөөс эхлэн хэрэглэж буй. Үүнтэй зэрэгцэн нийслэлийн гэр хорооллын өрхүүдийг хийн түлшинд шилжүүлэх ажил үргэлжилж байна.
ВИДЕО:
Тодруулбал, агаарын бохирдлыг бууруулах зорилгын хүрээнд Чингэлтэй дүүргийн 5000 айлыг хийг халаагуурт шилжүүлэхээр төлөвлөсөн. Өнгөрсөн намраас энэ ажил эхэлсэн бөгөөд эхний ээлжид тус айлуудыг дулаалж, дулаан алдагдлыг бууруулахад чиглэсэн. Ингээд үе шаттайгаар хийн халаагуурыг суурилуулж эхлээд байна. Өнөөдрийн байдлаар тус 5000 айлын эхний 65 айлд хийн халаагуурыг бүрэн суурилуулжээ.

Чингэлтэй дүүрэг нь гэр хороолол ихтэй, өвлийн улиралд агаарын бохирдол өндөртэй бүсэд тооцогддог. Ялангуяа, уламжлалт түүхий нүүрс, мод түлдэг зуухнаас ялгарах утаа нь PM2.5, PM10 зэрэг нарийн ширхэгт тоосонцрын хэмжээг нэмэгдүүлж, амьсгалын замын өвчлөл, зүрх судасны эрсдэлийг өсгөдөг. Иймээс хийн халаагуурт шилжих нь агаарын бохирдлыг бууруулах бодитой, үр дүнтэй шийдэл гэж мэргэжилтнүүд үзэж байна. Хийн халаагуурын гол давуу тал нь түлшний шаталт бүрэн явагддаг, утаа, үнс бараг ялгаруулдаггүй, дулааны үр ашиг өндөр байдагт оршино.

Нэгж айл өрхийн хувьд халаалтын температур тогтвортой, галлагаа хийх шаардлагагүй, цаг хугацаа хэмнэх давуу талтай. Мөн үнс, хаягдлын асуудал багассанаар хог хаягдлын хэмжээ буурч, орчны бохирдол багасна.
Бид тус 65 айлын төлөөлөл болох ЧД-ийн 13-р хорооны зарим өрхүүдийг зорилоо. Тэдний төлөөлөл “Утаа багасч, гэр орчин цэвэрхэн, дулаан байна. Гал түлэх, үнс хаях гээд гар ажиллагаа бага болж байгаа. Долоо хоногт 3-5 шуудай хагас коксон түлш хэрэглэдэг. Харин хийн халаагуурт шилжснээр долоо хоногт нэг баллон хийнэг өрх халаахад хангалттай байна. Энэ хүйтэн өдрүүдэд хийн халаагуурыг огт унтраахгүй ажиллуулж байна. Хэрэв цаг агаар дулаарах юм бол энэ хугацаа уртсах боломжтой гэж харж байгаа. Аюулгүй ажиллагаагаа хангаад явах юм бол асуудал гарахгүй гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Мөн хийн түлшийг айл өрхөд суурилуулахаас гадна тус дүүрэгт хийн түлш борлуулах цэгийг байгуулж эхэлжээ. Тус цэгүүдэд хийн түлш литрээсээ шалтгаалж 38-41 мянган төгрөгийн хооронд борлуулагдаж байна.
Тус цэгийн ажилтан “Нэг айлд хийн халаагуур суурилуулж өгөхдөө хоёр ширхэг баллон хийг үнэгүй өгч байгаа. Улмаар айлууд тус хийгээ ашиглаж дууссаны дараа худалдан авалтаа хийгээд цэнэглүүлээд явна гэсэн үг. Хотула аппликейшн уншуулах, баллон дээрхи QR кодоо уншуулах зэрэг олон төрлийн худалдан авалт хийх боломж олгож байгаа” гэсэн юм. Харин энэ талаар Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул “Өнөөдрийн байдлаар Чингэлтэй дүүрэгт хийн түлш борлуулах хоёр цэг ажиллаж байна. Цаашид энэ тоог нэмэгдүүлнэ. Үе шаттайгаар нэмэгдүүлж, хоёрдугаар сар гэхэд 24 хийн түлш борлуулах цэгтэй болно” гэв.

Цаашид Чингэлтэй дүүрэгт хэрэгжиж буй энэхүү туршлага амжилттай хэрэгжвэл бусад дүүрэг, хот суурин газруудад нэвтрүүлэх боломж бүрдэнэ. Хийн халаагуурт шилжих нь зөвхөн нэг дүүргийн асуудал бус, нийслэлийн хэмжээнд агаарын бохирдлыг бууруулах урт хугацааны бодлогын чухал хэсэг юм. Гал түлж л буй бол тэнд утаа гарах нь ойлгомжтой. Иймд ч , Олон улсад ч агаарын бохирдолыг бууруулахын тулд хийн халаагуурт шилжих нь хамгийн чухал гэдгийг онцолдог билээ.

