БНСУ-д суугаа Монгол Улсын Элчин Сайдын Яамны 001 дугаартай автомашиныг жолоодож явсан манай улсын дипломат ажилтан осол гаргаж, тус улсын хоёр иргэн гэмтсэн хэрэг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гарсан юм. Улмаар тус улсад гадаадын дипломат албаны ажилчдын хариуцлага, нэр хүндийн асуудлын хурцаар хөндөгдөж эхлээд байсан.
ВИДЕО:
Хэргийг тодруулбал, БНСУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны ажилтан А нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сард /2025.12.12/ Сөүл хотын Ганнам дүүрэгт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож, гурван автомашинтай мөргөлдөж, осол гаргасны улмаас цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан бөгөөд Сөүл хотын Ганнамын цагдаагийн газраас БНСУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны захиргааны ажилтан А-г согтуугаар жолоо барьсан зэрэг хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэгт бүртгэн шалгаж эхэлсэнээ мэдэгдээд байсан.
Тухайн үед манай улсын дипломат ажилтны согтууруулах ундаа хэрэглэсэн хэмжээ нь жолоодох эрхийг хасах арга хэмжээ авах түвшинд байсан талаар БНСУ-ын хэвлэлүүд мэдээлж байсан бөгөөд осолд өртсөн тус улсын хоёр иргэн бэртэл авсан байсан.
Тэгвэл Сөүл дэх Ганнам цагдаагийн хэлтсээс өчигдөр /2025.01.19/ мэдээлснээр Замын хөдөлгөөний тухай хуулийн дагуу Солонгос дахь Монголын Элчин сайдын яамны захиргааны ажилтан А-гийн эсрэг хэргийг удахгүй хэрэгсэхгүй болгоно гэж мэдэгдсэн байна. Учир нь ЭСЯ-ны ажилтан дархан эрхээ эдлэхээ мэдэгджээ. Тодруулбал, аль нэг улсын дипломат ажилтан БНСУ-д эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх эрхтэй байдаг аж. Энэхүү дархан эрх гэдэг нь олон улсын конвенцийн дагуу дипломатчид болон бусад албан тушаалтнуудад олгогддог хууль ёсны статус бөгөөд Дипломат харилцааны тухай Венийн конвенцийн дагуу дипломат ажилтнууд оршин суугаа улсдаа иргэний болон эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөу, баривчлагдахгүй, саатуулагдахгүй гэж заасан байдаг байна.
Эл хэрэг гарсны дараа БНСУ-д ЭСЯ-нд ажилчдын халдашгүй эрхийн хүрээнд хариуцлагаас чөлөөлөгдөх боломжтой байгаа нь асуудал шүүмжлэл дагуулаад байсан бөгөөд дипломат албаны хариуцлага, нэр хүндийн асуудлын хурцаар хөндөгдөж эхлээд байсан. Тэгвэл дээрх хэрэг ийнхүү шийдвэрдэгдсэнд БНСУ-ын иргэд ихээхэн бухимджээ. Учир нь тус улсад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол гаргасан бол хүнд шийтгэл оногдуулдаг бөгөөд дээрх хэрэгт тус улсын иргэд, “Тэгвэл ядаж л эх оронд нь аваачаад хүнд шийтгэл оногдуулах хэрэгтэй”, “Ямар утгагүй хууль, дүрэм бэ”, “Бурхан минь, хууль эрх зүйт орон мөн гэж үү” зэргээр бухимдлаа илэрхийлжээ.
Эх сурвалж: Chosun TV