БНСУ-ын Тусгай прокуроруудын баг тус улсын ерөнхийлөгч асан Юн Сук Ёлыг цэргийн дэглэм тогтоох оролдлого хийж, төрийн эрх мэдлийг хууль бусаар хадгалахыг завдсан бослогын удирдагч хэмээн тодорхойлон, түүнд цаазаар авах ял оноохыг шүүхээс хүссэн байна.
Тусгай прокурор Чо Ын Сукийн баг өчигдөр /2026.01.13/ Сөүлийн Төв дүүргийн шүүхэд болсон эцсийн хэлэлцүүлгийн үеэр энэхүү шаардлагыг танилцуулсан бөгөөд уг хэрэг Юн Сук Ёлын 2024 оны арванхоёрдугаар сарын 3-нд цэргийн дэглэм зарласан үйл явдлаас хойш нэг жил гаруйн дараа шийдвэрлэгдэх гэж байна. Шүүх уг хэргийн эцсийн шийдвэрийг ирэх хоёрдугаар сарын 19 /2026.02.19/-нд гаргахаар товложээ.
Тусгай прокурорын туслах Пак Ык Су, “Ерөнхийлөгч асан Юн Сук Ёл шүүх засаглал, хууль тогтоох байгууллагыг хяналтдаа авч, удаан хугацаанд эрх мэдлээ хадгалах зорилгоор цэргийн дэглэм зарласан. Тэрээр үндэсний ашиг сонирхолд зориулагдах ёстой нөөцийг хувийн эрх мэдлийн төлөө ашигласан нь гэмт хэргийн шинж чанарыг ноцтой болгож байна” хэмээн мэдэгджээ.
Ял оноох хүсэлтийг танилцуулах үед Юн Сук Ёл шүүгдэгчдийн суудлаас үл ялиг инээмсэглэж, харин шүүх танхимд байсан зарим дэмжигч нь чангаар эсэргүүцэл илэрхийлж байжээ.
Юн Сук Ёл 90 минут үргэлжилсэн сүүлчийн мэдэгдэлдээ өөрийгөө гэм буруугүй хэмээн дахин нотолж, ерөнхийлөгчийн үндсэн хуулиар олгогдсон онц байдлын эрхийг хэрэгжүүлсэн нь бослого гэж тооцогдохгүй гэсэн байр сууриа илэрхийлсэн байна. Тэрээр, “энэ бол дарангуйллын оролдлого бус, харин үндсэн хуулийн дэг журам, улсын бүрэн эрхт байдал, иргэдийн эрх чөлөөг хамгаалах алхам байсан” гэж хэлжээ. Мөн тэрээр өөрийн эсрэг явуулсан мөрдөн шалгалт, яллах дүгнэлтийг “цэвэрлэгээ, дарангуйллын шинжтэй галзуу сэлэмний бүжиг” хэмээн хурцаар шүүмжилжээ.
Юн Сук Ёл өнгөрсөн оны нэгдүгээр сард цэргийн дэглэм зарласнаар бослого гаргасан хэргээр яллагдсан ба түүнийг Батлан хамгаалахын сайд асан Ким Ён Хён болон бусадтай хуйвалдан, дайн болон түүнтэй дүйцэхүйц онц байдал үүсээгүй нөхцөлд Үндсэн хуулийг өөрчлөх зорилгоор хууль бусаар цэргийн дэглэм тогтоохыг завдсан гэж буруутгаж байгаа юм. Түүнчлэн Үндэсний Ассамблейг битүүмжлэх, хууль тогтоогчдыг түүний зарлигийг цуцлахаас сэргийлэх, парламентын дарга болон тухайн үеийн эрх баригч, сөрөг хүчний удирдагчдыг баривчлах, цагдан хорих тушаал өгөхийн тулд цэрэг, цагдааг дайчилсан хэргүүдэд тэрээр холбон шалгагдаж байгаа аж.
Өчигдөр /2026.01.13/ болсон шүүх хурлын эцсийн хэлэлцүүлэг нийт 11 цаг орчим үргэлжилж, орон нутгийн цагаар өнөөдөр /2026.01.04/ өглөөний 02:25 цагт өндөрлөжээ.
Прокурорууд Батлан хамгаалахын сайд асанд цэргийн дэглэмийг хэрэгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн үндэслэлээр бүх насаар нь хорих ял, Үндэсний цагдаагийн газрын дарга асан Чо Жи Ход 20 жилийн хорих ял, Сөүлийн цагдаагийн газрын дарга асан Ким Бонг Сикт 15 жилийн хорих ял, Батлан хамгаалахын тагнуулын командлалын командлагч асан Но Санг Вонд 30 жилийн хорих ял тус тус оноохыг хүсжээ. Олон улсын хүний эрхийн байгууллагууд Өмнөд Солонгосыг 1997 оноос хойш цаазаар авах ялыг хэрэгжүүлээгүй тул “практик дээр халсан улс” хэмээн ангилдаг байна.