Д.Трамп: Ираны ард түмэн тэмцлээ бүү зогсоо. Тусламж замдаа яваа

Д.Трамп: Ираны ард түмэн тэмцлээ бүү зогсоо. Тусламж замдаа яваа

Иранд олон өдрийн турш үргэлжилж буй эсэргүүцлийн жагсаал дэлхий нийтийн анхааралд ороод байна. Өнгөрөгч долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп "Ираны эрх баригчид жагсагчдын амь насыг хөнөөвөл АНУ цэргийн хариу арга хэмжээ авна" гэдгийг анхааруулсан. 

Харин үүний дараа Ираны эрх баригчид тус улсын интернэтийг тасалсан бөгөөд энэ хугацаанд олон зуун хүний амь нас хохирсон гэх мэдээлэл байгаа юм.

Тэгвэл өчигдөр /2026.01.13/ АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын өөрийн "Truth Social" сүлжээндээ "Ираны ард түмэн, тэмцлээ бүү зогсоо. Өөрсдийн байгууллага, засаглалаа өөрсдөө буцаан ав. Хүнийг хөнөөж, хүчирхийлэл үйлдэж байгаа хүмүүсийн нэрийг санаж, тэмдэглэж ав. Тэд хийсэн үйлдлийнхээ төлөөсийг заавал төлнө. Жагсагчдыг утга учиргүйгээр алж байгаа энэ явдал зогсох хүртэл би Ираны албан тушаалтнуудтай хийх бүх уулзалтаа цуцалсан. Та нарт тусламж ирж байгаа. Бид та бүхэнтэй хамт байна” хэмээн мэдэгдсэн байна. 

Тэгвэл Иранд өрнөж буй эсэргүүцлийн жагсаалын үеэр тус улсын аюулгүй байдлын хүчнийхэн хүч хэрэглэсний улмаас 2000 гаруй хүн амь үрэгдсэн байж болзошгүй байгаа талаар хүний эрхийн байгууллагууд мэдээлсэн байна. 

АНУ-д төвтэй Хүний эрхийн идэвхтнүүдийн мэдээллийн агентлаг, "сүүлийн 17 хоногийн хугацаанд 1850 жагсагч, засгийн газартай холбоотой 135 хүн, мөн есөн хүүхэд амиа алдсаныг баталгаажуулсан" гэжээ. Түүнчлэн дахин 779 хүний ​​үхлийн талаархи мэдээллийг шалгаж байгаа аж. Ираны нэрээ нууцалсан нэгэн албан тушаалтан Ройтерс агентлагт 2000 орчим хүн нас барсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч, үүний бурууг “террористууд”-д тохсон байна.

Ираны мөнгөн тэмдэгтийн ханш огцом унаж, амьжиргааны өртөг эрс өссөн нь тус улсын уур бухимдлыг өдөөж, эсэргүүцлийн жагсаал 31 мужийн 180 хот, сууринд тархаад байгаа юм. Энэ нь 1979 оны Исламын хувьсгалаас хойших шашны дэглэмд тулгарсан хамгийн ноцтой сорилтуудын нэг хэмээн үнэлэгдэж байна. 

Тэгвэл АНУ-ын үндэсний аюулгүй байдлын баг Ирантай холбоотой хувилбаруудыг хэлэлцэх уулзалтыг Цагаан ордонд хийхээр төлөвлөж байгаа бол, Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи дипломат харилцаанд нээлттэй ч, цэргийн сонголтод ч бэлэн байгаагаа "Аль Жазира" телевизэд өгсөн ярилцлагадаа онцолсон байна.

Эх сурвалж: BBC