Зэвсэгт хүчний 338 дугаар анги хошууч, генерал Ч.Данзан агсны нэрэмжит боллоо

Зэвсэгт хүчний 338 дугаар анги хошууч, генерал Ч.Данзан агсны нэрэмжит боллоо

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 170 дугаар тогтоолоор Зэвсэгт хүчний Барилга инженерийн цэргийн удирдах газрын харьяа Зэвсэгт хүчний 338 дугаар ангийг төр, цэргийн зүтгэлтэн, хошууч генерал Чимэдийн Данзангийн нэрэмжит болгох шийдвэр гарсан билээ.

Хошууч генерал Ч.Данзан нь Улаанбаатар хотын 1 дүгээр морьт дивизийн цэрэг, бага даргаас Монголын Ардын Армийн Улс төрийн газрын орлогч дарга бөгөөд Барилгын цэргийн удирдах ерөнхий газрын Улс төрийн хэлтсийн дарга хүртлээ дэвшиж ажиллаж, 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайнд дайчин нөхдөө манлайлан эх орныхоо төлөө амь хайргүй тулалдаж явсан юм. Зэвсэгт хүчний 338 дугаар ангийг хошууч генерал Ч.Данзан агсны нэрэмжит болгох ёслолын ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба оролцож, нэрэмжит болгох тухай Засгийн газрын тогтоолыг гардуулан өглөө. Дэд сайдаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн тус ангиас гадна Зэвсэгт хүчний 124 дүгээр ангийн 168 дугаар тусгай салбарын үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзан санал, сэтгэгдлийг нь сонслоо. Зэвсэгт хүчний 338 дугаар анги нь төрийн бодлогын хүрээнд улс орны стратегийн томоохон бүтээн байгуулалтад манлайлан оролцож, Зэвсэгт хүчний болон орон нутгийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа бөгөөд Зэвсэгт хүчний “Сахилгын зөрчилгүй тэргүүний анги”, Барилга-инженерийн цэргийн “Тэргүүний анги”, “Тэргүүний салбар”-аар шалгарсан хөдөлмөрч хамт олон юм. Хошууч генерал Ч.Данзан агсны охин эдүгээ 81 настай буурай чөлөөнд байгаа ахлагч Д.Амар гуай аавыг минь төрсөн нутагт нь ийнхүү алдаршуулж байгаад БХЯ, ЗХЖШ-ын удирдлагад талархал илэрхийлж ажлын амжилт хүссэн юм. Ийнхүү эх орныхоо төлөө баатарлагаар тэмцэж явсан ахмад үеийнхээ алдар гавьяаг мөнхлөн дурсгалыг нь хүндэтгэж ийнхүү залуу үеийнхний бахархал, үлгэр дуурайлал болгон алдаршууллаа.