Нийслэл болон дүүргүүдийн татварын газрын дарга нар Татварын ерөнхий газрын даргын зөвшөөрөлгүйгээр, ажлаа хаяад Дубай руу аяллаар явсан тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногийн анхаарал татах үйл явдал байсан.
Энэ талаар Ерөнхий сайд Г.Занданшатар "Нэг асуудлаас болж чин шударгаар ажиллаж буй татварын алба хаагчдын нэр хүнд унаж байна" гэдгийг тодотгоод Нийслэлийн татварын газрын дарга, дүүргийн татварын хэлтсийн дарга нарт хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлөхийг ТЕГ-ын дарга Б.Цогтнаранд үүрэг болгосон билээ. Харин Үндэсний татварын ерөнхий газрын дарга Б.Цогтнаран "Дубай руу аяллаар явсан Татварын газрын дарга нар төсвийн зардлаар яваагүй. Өөрсдөөсөө бас гаргаагүй байх гэсэн мэдээлэлтэй байгаа" гэх тодорхойгүй зүйлийг хэлсэн байдаг.
Эцэст нь тэд нийслэлийн мөнгөөр Дубайд аяласан нь тодорхой болсон. Тухайлбал, ХУД-ийн татварын хэлтсийн дарга Г.Сүрэнтамжид, СБД-ийн татварын хэлтсийн дарга Б.Баатар, Нийслэлийн татварын газрын дарга М.Болдбаатар, БГД-ийн татварын хэлтсийн дарга М.Ганжигүүр, Багахангай дүүргийн татварын хэлтсийн дарга Х.Анхбаяр, ЧД-ийн татварын хэлтсийн дарга Н.Туул, БЗД-ийн татварын хэлтсийн дарга Э.Энх-Очир, Налайх дүүргийн татварын хэлтсийн дарга Ц.Алтанцоож, СХД-ийн татварын хэлтсийн дарга Б.Энхтогтох нарыг Хотын дарга Х.Нямбаатар аялуулсан гэх мэдээлэл байгаа юм.
"НИЙСЛЭЛЭЭС БИДНИЙГ ТАТВАР САЙН ТӨВЛӨРҮҮЛСЭН ХЭМЭЭН ДУБАЙ УЛС РУУ ЯВУУЛСАН ГЭЖ ОЙЛГОСОН"
Үүнийг Нийслэлийн Татварын газрын дарга М.Болдбаатар хэвлэлд өгсөн ярилцлагаараа баталгаажуулж, "Үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Татварын ерөнхий газарт өглөө. Татварын алба бол төрд мөнгө төвлөрүүлэхийн төлөө бүх чадлаараа зүтгэдэг. Энэ утгаараа нийслэлээс биднийг Дубай улс руу явуулсан гэж ойлгосон" гэсэн юм.
Монгол улсын Ерөнхий сайд Г.Занданшатар үүсээд байгаа асуудалтай холбоотойгоор тус албан тушаалтнуудад хариуцлага тооцож, ажлаас чөлөөлөхийг үүрэг болгоод яг тав хоног өнгөрч байна. Гэхдээ тус албан тушаалтнуудад ямар арга хэмжээ тооцох бүрэн эрх нь ТЕГ-ын дарга Б.Цогтнаранд бий.
Харин эх сурвалжуудын мэдээлснээр тус албан тушаалтнуудад ямар арга хэмжээ тооцсон талаар өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ерөнхий сайдад танилцуулах аж.
Нийслэлийн татварын газрын дарга болон дүүргүүдийн татварын газрын дарга нар нь нийтийн албан тушаалтан мөн. Тэд албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглахгүй, авлига, хээл хахууль зэргээс ангид байх ёстой. Иймд олон нийт тэдэнд өндөр хариуцлага хүлээлгэхийг хүсч байгаа юм. Тус шийдвэрийн талаар бид эргэн мэдээлэх болно.