Монгол Улсад Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 103 жилийн ойн баярын үйл ажиллагаа өнгөрсөн долоо хоногт болсон. Энэ үеэр лайвчин Д.Мөнх-Эрдэнэ уг үйл ажиллагаанаас гарч явсан иргэнийг заамдаж, биед нь халдаж, хэл амаар доромжилж буйгаа бичлэг нь цацагдсан юм.
Уг бичлэгт гарч буй иргэнийг М.Дамдинсүрэн гэх бөгөөд геологич мэргэжилтэй, салбартаа 30 гаруй жил, үүнээс Эрдэнэт үйлдвэрт 24 жил ажиллаж буй Монгол Улсын Зөвлөх инженер хүн аж. Мөн Орхон аймгийн Баян Өндөр, Жаргалант сумдын нутагт хайгуулын үр дүнд нээгдсэн “Оюут” нэртэй шинэ орд газрын хайгуулын ажлыг удирдан зохион байгуулсан хүн гэнэ. Түүнчлэн цахим орчинд цацагдсан мэдээллээр “Заамдуулсан хүн”-ий эрүүл мэндийн байдал муу бөгөөд шагналаа салбарын сайдаас хүртээд харьж явсан гэжээ. Харин лайвчин Д.Мөнх-Эрдэнэ уг явдалдаа уучлалт гуйсан байна. Тэрбээр, "Хөөрхий мөрөөрөө инженер хүн байсан байна лээ. Сүүлд хүмүүс хэллээ. Ахаас уучлалт гуйж байна" гэжээ.