АН-ын бүлгээс төрийн албаны бүтцийг цомхотгох, 14 дэд сайдын томилгоог хүчингүй болгох шаардлагыг Засгийн газарт тавьсан бөгөөд АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлийн албан бланк дээр "Ерөнхий сайдыг огцруулах" саналыг гаргаж, гишүүдийн гарын үсгийг цуглуулсан. Уг саналд гарын үсэг зурсан гишүүдийн тоо Үндсэн хуульд заасны дагуу 32 хүрсэн гэдгийг АН-ын бүлгийн дарга Д.Цогтгэрэл мэдэгдсэн ч УИХ-д өргөн бариагүй л байна.
-МАРГААШ НАМРЫН ЧУУЛГАНЫГ ХААСНААР АН-ЫН БҮЛГИЙН "ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ САНАЛ" ХАВРЫН ЧУУЛГАН РУУ ШИЛЖИВ-
Уг нь АН-ын бүлэг Ерөнхий сайд Г.Занданшатарт өнгөрсөн долоо хоногийн 26-ны өдөр буюу баасан гарагийг хүртэл хугацаа өгөөд энэ хугацаанд дэд сайд нараа чөлөөлөхгүй бол огцруулах саналыг УИХ-д өргөн барина гэж байв. Гэвч Ерөнхий сайд Г.Занданшатараас илүү УИХ-ын дарга Н.Учрал дэд сайдтайгаа үлдэнэ гэх хатуу байр суурийг илэрхийлсэн учир МАН гаргасан шийдвэрээ хатуу хамгаалаад үлдэхээр шийдсэн гэдэг. Тиймээс ч өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Г.Занданшатар дэд сайд нартай уулзан "Ажлаа сайн хийж харуул. Дэд сайд нарыг чөлөөлөхгүй" гэдгийг нээлттэй мэдэгджээ. УИХ-ын чуулганы хуралдааныг өнөөдөр, маргааш хуралдуулаад намрын чуулганыг хаах товтой байгаа. Тэгэхээр өнөөдөр амжиж өргөн бариагүй АН-ын төсөл хаврын чуулган руу хүссэн, хүсээгүй шилжиж байна гэсэн үг. Ингэснээр О.Цогтгэрэлийн Засгийн газрыг огцруулах санаачилга замхарч алга болсноос ялгаагүй болов.
Нэгд, О.Цогтгэрэл Ерөнхий сайдыг огцруулах саналд бүлгийн 42 гишүүнээ бүгдийг нь базаж чадахгүй байгаа. Угтаа бол бүлгийн "3 одтой" шийдвэр гаргаад дагахгүй бол улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэх тулгалт хийж буй ч 30 орчим гишүүн л өнөөдрийн байдлаар дэмжсэн. Үлдсэн 10 орчим гишүүн Засгийн газрыг огцруулахыг дэмжихгүй байгаа. Тэгэхээр бүлгийнхээ бүх гишүүнийг базаж чадаагүй тэр Засгийн газрыг огцруулах саналыг өргөн барьвал намын бүлгээ нэгдмэл биш байгааг гадагш харуулахаас гадна МАН-ын дэмжлэгийг ч авч чадахгүй. Эцэст нь Их хурал руу ороод 50+1 буюу 64 гишүүний дэмжлэгийн алинд ч хүрэхгүй "онигоо"-нд ороод дуусна. Тиймээс ч тэрбээр эл асуудлыг хаврын чуулганы руу шилжүүлж байна.
-ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХ СУРГААР МАН-ЫН ЕНБД ГИШҮҮДТЭЙГЭЭ УУЛЗСАНААР ИЛҮҮ ЭВЛЭРЭВ-
Хоёрт, Тэрбээр Засгийн газрыг огцруулах санал гаргаснаараа МАН-ын бүлгийн хагарсан хэсгийг эвлүүлж, илүү нягтаршуулав. АН-ын энэ санал дээр Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар тоглох гэж нэг үзсэн ч тэдний талын 30 гишүүний 20 орчим нь Ерөнхий сайд дээр очсон гэдэг. Харин хатуу байр суурьтай үлдсэн 10 орчим гишүүн дээр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар ажиллаж "Одоо бүгдээрээ нэг шүү" гэх утга агуулгаар уулзалт хийжээ. Энэ утгаараа тэд илүү нягтарч ажилласан гэх мэдээлэл байна.
Энэ мэт асуудлаас болж Ерөнхий сайдыг огцруулж чадахгүйгээ мэдсэн О.Цогтгэрэл МАН, АН-ын бүлгийн гишүүдээс бүрдсэн ажлын хэсгийг гаргаж, Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулж, “дэд сайд” гэсэн албан тушаалыг хасах хуулийн төслийг боловсруулна зэрэг аргалсан тайлбар хэлээд намрын чуулганыг завсарлуулж байна. Засгийн газрын тухай хуулийн 18 дүгээр зүйлийн 1-д, Дэд сайдын бүрэн эрхийг тодорхой заасан байх бөгөөд мөн хуулийн 18 дүгээр зүйлийн 3-д “Дэд сайдын бүрэн эрхийн хугацаа нь Засгийн газрын бүрэн эрхийн хугацаатай адил байна гэсэн байдаг. Үүнийг өөрчилнө гэж аргацаасан мэдэгдлээр тэрбээр Засгийн газрын огцруулах саналаа хаврын чуулган руу шилжүүлж байна. Угтаа Засгийн газрыг огцруулж чадахгүй нь тодорхой болсон. Хаврын чуулганаар бол энэ асуудал бүр мартагдана гэдгийг улс төрчдийн хэн, хэн нь мэдэж байгаа.