"Завхан Бродерс"-оос 57 сая төгрөгийн урьдчилгаа цалин аваад "зугтсан" Даймонд Стөүн монгол залууг зодсон хэргээр "хар тамга" даруулсан байжээ

"Завхан Бродерс"-оос 57 сая төгрөгийн урьдчилгаа цалин аваад "зугтсан" Даймонд Стөүн монгол залууг зодсон хэргээр "хар тамга" даруулсан байжээ

Даймонд Стөүн нь 2016 оны дэлхийн сагсанбөмбөгийн хамгийн том лиг болох "NBA"-д драфтын 40 дэх сонголтоор "Лос Анжелес Клипперс" багт сонгогдож байсан ур чадвар өндөр тоглогч юм. 2023 онд анх "Монголын үндэсний дээд лиг"-ийн "Завхан Бродерс" багт нэгдэж, тухайн үед "NBA" тоглогч ирлээ хэмээн Монголын сагсан бөмбөгийн хүрээнд нилээдгүй шуугианыг тарьсан байдаг. 

-2025 ОНЫ НАЙМДУГААР САРД ДАЙМОНД СТӨҮНД "ЧИНГИС ХААН НИСЭХ БУУДАЛ"-Д ГАЗАРДСАН Ч МОНГОЛД НЭВТРЭХ ХОРИГ ДУУСААГҮЙ БАЙСАН ТУЛ НУТАГ БУЦЖЭЭ- 

Гэвч энэхүү тоглогч Монголд ирээд талбай дээр үзүүлж буй нөлөө нь сайн байсан ч түүний талбайн гадуурх амьдрал олон асуудлыг дагуулж байсан юм. Тухайлбал, "Монголын Үндэсний дээд лиг"-ийн 2024-2025 оны улиралд "Завхан Бродерс" багт гурав дах жилдээ тоглож байх хугацаандаа тоглолт дууссаны дараа баранд нэгэн монгол залуутай маргалдаж, биед нь ноцтой хохирол учруулж, танхайрч байжээ.

Тодруулбал, Даймонд Стөүнд зодуулсан залуугийн үүдэн шүд унасан бөгөөд тухайн үед түүнд мөнгөн торгууль болон 2025 он дуустал Монгол Улсад нэвтрэхийг хуулийн байгууллагаас хориглож хар тамга дарж байсан.

Энэхүү хэргээ "Завхан Бродерс" багийн удирдлага, дасгалжуулагч нараас нууж, тухайн үедээ мэдэгдэлгүй өнгөрөөж чадсан аж. Ингээд энэ хэргийн дараа удалгүй "Завхан Бродерс" баг плей-оффоос хасагдаж Даймонд Стөүн АНУ-руу нутаг буцсан байдаг. "Завхан Бродерс" баг 2025 оны улиралд түүнийг дахин багтаа тоглуулахаар төлөвлөж, наймдугаар сард БНСУ-д хамтарсан бэлтгэл хийхдээ Даймонд Стөүнийг АНУ улсаас бүх зардлыг нь багийн зүгээс гарган авчирсан. 20 хоногийн бэлтгэлийн дараа Даймонд Стөүний хамтаар "Чингис хаан олон улсын нисэх буудал"-д газардсан ч Монгол Улсад нэвтрэх хоригийн хугацаа дуусаагүй байсан учраас АНУ руу буцаж байжээ. Энэ үед "Завхан Бродерс" багийн удирдлагууд түүнийг 2025 онд танхайрч, хар тамга даруулсан байсныг мэдсэн гэж тус багийн менежер мэдээлсэн. Тухайн үед түүний онгоцны тийз, байрлах байр, бэлтгэл хийхэд шаардагдсан хувцас, хэрэглэл гэх мэт 10 сая гаруй төгрөгөөр "Завхан Бродерс" баг хохирч байжээ.

Даймонд Стөүн

-УРЬДЧИЛЖ ӨГСӨН 57 САЯ ТӨГРӨГ, ОНГОЦНЫ ТАСАЛБАРЫН 3 САЯ, МОНГОЛД БАЙРЛАХ БАЙРНЫ 10 САЯ ТӨГРӨГ ГЭЭД НИЙТ 70 ОРЧИМ САЯ ТӨГРӨГИЙГ ДАЙМОНД СТӨҮН ГЭХ ТОГЛОГЧИД ЛУЙВАРДУУЛЖЭЭ- 

Тэгвэл энэ оны хоёрдугаар сард  “Үндэсний дээд лиг”-ийн “Завхан Бродерс" багт 4 дөх улиралдаа тоглохоор тохиролцож, Монгол Улсад ирсэн бөгөөд багийн зүгээс нэг сарын цалин болох 16 мянган ам.доллар буюу 57 сая төгрөгийн цалинг урьдчилан олгожээ. Гэтэл Даймонд Стөүн 2025-2026 оны улиралд  Тайвань улсын "Taipei Taishin Mars" багт тоглох гэрээ байгуулсан байсан ч "Надад онгоцны тийзний мөнгө өгчихвөл энэ багтайгаа тохиролцоод монголд очиход бэлэн" гэсэн учраас "Завхан Бродерс" баг түүнийг Монгол Улсад авчирсан. Энэ удаад хилийн хориг дууссан байсан учраас Монголд нэвтэрч чадсан ч асуудал ингээд дууссангүй.

Тодруулбал, тус тоглогч гэрээтэй байсан "Taipei Taishin Mars" багтайгаа албан ёсоор тохиролцож, гэрээгээ цуцлалгүй багаа орхин ирсэн аж. Үүний улмаас "Taipei Taishin Mars" баг Даймонд Стөүнийг багаас  чөлөөлөх бичиг /clearance/ явуулах боломжгүй гэдгээ мэдэгдэж, FIBA буюу “Олон Улсын Сагсанбөмбөгийн Холбоо”-нд гомдол гаргаснаар, Монгол Улсын “Үндэсний дээд лиг”-т тоглохыг FIBA-гаас хориглосон.  

Уг шийдвэр гарсны дараа Даймонд Стөүн “Завхан Бродерс” багт мэдэгдэлгүйгээр багаас авсан 57 сая төгрөгийн урьдчилгаа цалингаа эргүүлэн төлөлгүй Венесуэл улс руу зугтсан. Энэ талаар "Завхан Бродерс" багийн менежерээс тодруулахад, "Бидэнд мэдэгдэлгүй Венесуэл руу явсан байсан. Цалин гэж өгсөн 16 мянган ам.доллар буюу 57 сая төгрөгөөс гадна онгоцны тасалбарын 3 сая, Монгол байрлах байрыг нь 10 сая төгрөг төлөөд түрээсэлчихсэн байсан гээд нийтдээ 70 орчим сая төгрөг Даймонд Стөүн гэх тоглогчид луйвардуулчихаад байна" гэв.

Тус багийн зүгээс энэ асуудлын хүрээнд "Олон улсын сагсан бөмбөгийн холбоо"-нд удахгүй гомдол гаргахаар төлөвлөсөн байгаа аж.

Даймонд Стөүний одоо тоглож буй Венесуэлийн лиг "Олон улсын сагсан бөмбөгийн холбоо"-нд бүртгэлгүй учир түүнд тависан хориг хамаарахгүй тоглож болох юм. Даймонд Стөүн "Marinos de Anzoategui" гэх багт тоглож байгаа бөгөөд өөрийн цахим хуудсандаа "жишим ч үгүй" өөрийн тоглолт, зурагнуудаа нийтэлсээр байгаа юм. 




Өнөөдөр гахай өдөр

29 минутын өмнө