НИТХ-ын дарга, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид ажиллаж, тус байгууллагын нөхцөл байдал, үйл ажиллагаатай танилцжээ.
Тэрбээр уулзалтын үеэр гэмт хэргийн гаралтыг бууруулахад зөвхөн шийтгэлээс гадна хоригдлуудыг засан хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх бодлого чухал болохыг онцолсон байна. Ял эдэлж дууссан иргэд нийгэмд дахин алдаа гаргахгүйгээр ажиллаж амьдрах боломж бүрдэх ёстой бөгөөд үүний тулд сэтгэл заслын болон хүмүүжлийн сургалтыг тогтмол зохион байгуулах, засан хүмүүжүүлэх тогтолцооны менежментийг сайжруулах шаардлагатайг хэлжээ. Мөн энэ үеэр Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангийн дарга, дэд хурандаа Б.Амгаланбаяр байгууллагынхаа өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулж, тулгамдаж буй асуудлуудаа уламжилсан байна. Түүний мэдээлснээр тус ангид одоогоор 844 хоригдол ял эдэлж байгаа бөгөөд тэдний 50-60 хувь нь давтан гэмт хэрэг үйлдсэн хүмүүс аж. Энэ нь хорих байгууллагуудын ачаалал буурахгүй байгааг харуулж байгаа бөгөөд хоригдлуудыг нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх бодлогыг илүү үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлагатай байгааг онцолжээ. Түүнчлэн хоригдлуудыг соён гэгээрүүлэх, давтан гэмт хэрэг үйлдэхээс сэргийлэх чиглэлээр төсөл, арга хэмжээг хамтран хэрэгжүүлэхэд нээлттэй гэдгээ илэрхийлсэн байна.