Д.Мөнх-Эрдэнэ: Хар тамхитай холбоотой асуудал ҮАБ-ын хэмжээнд хүрсэн учир энэ төрлийн харилцааг төрийн хатуу хяналтад авна

Д.Мөнх-Эрдэнэ: Хар тамхитай холбоотой асуудал ҮАБ-ын хэмжээнд хүрсэн учир энэ төрлийн харилцааг төрийн хатуу хяналтад авна

Засгийн газрын өнөөдрийн /2026.03.11/ ээлжит хуралдааны шийдвэрийг танилцууллаа. Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн тухай Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр “Засгийн газрын хуралдаанаар Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төслийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Хар тамхины хэрэглээтэй холбоотой өнөөгийн асуудал үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд хүрсэн. 2002 онд энэ төрлийн харилцааг зохицуулах хууль анх батлагдаж байх үед хар тамхины хэрэглээтэй холбоотой гэмт хэрэг хоёр бүртгэгдэж байсан бол 2025 оны байдлаар энэ төрлийн гэмт хэрэг 307, зөрчил 394 бүртгэгдээд байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэргийн өсөлт 20 хувь, зөрчлийн өсөлт 26.6 хувьтай байна. Засгийн газраас 2025 оны наймдугаар сард Хар тамхитай тэмцэх бодлогоо зарлаж, Хар тамхитай тэмцэх албыг байгуулж, бэхжүүлэх шийдвэр гаргасан. Ингэснээр энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт сайжирсан. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хэд хэдэн онцлог зүйл бий. Нэгдүгээрт, хар тамхины аюул, заналхийлэл, хор уршгийг ойлгуулах, мэдүүлэх чиглэлд ажиллана. Мөн хууль сахиулах байгууллагын чадавхыг сайжруулах талаар тусгасан. Цаашлаад төрийн байгууллагаас авч хэрэгжүүлэх үйл ажиллагааг тодорхой болгохоор тусгасан. Үндэсний аюулгүй байдлын хэмжээний асуудал учир энэ төрлийн харилцааг төрийн хатуу хяналтад авах зохицуулалт бий болголоо. Үндэсний жагсаалтай болж, шинэ төрлийн мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг жагсаалтад багтааж байхаар зохицуулахаар төлөвлөж байна. Ингэснээр хариуцлага хүлээлгэх эрхзүйн орчин тодорхой болох юм. Хар тамхи сэтгэцэд нөлөөт бодист донтох эмгэгтэй хүмүүст авах арга хэмжээ тодорхой болно. Манай улсын өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа эрүү, зөрчлийн хуулиар учир дутагдалтай зүйлс бий. Учир нь өнөөдрийн байдлаар таван төрлийн хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодист эрүүгийн хариуцлага хүлээлгэж байна. Цаана нь илүү ноцтой үр дагавартай хар тамхитай холбоотой гэмт үйлдлүүдэд торгоод өнгөрдөг. Монгол Улсын хар тамхитай тэмцэх бодлого буюу шийтгэлийн бодлогыг чангатгахаар хуулийн төслийг боловсруулсан. Сүүлийн есөн жилийн судалгаагаар 13-35 насны залуус байна. Тэр дундаа 107 хүүхэд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон байна. Хүүхдийг энэ төрлийн гэмт хэрэгт уруу татсан бол 1-5 жилээр хорих ял оноодог зохицуулалттай бол энэ хуулиар ялыг чангатгаж 15 жил хорих ял оноохоор төсөлд тусгасан” гэлээ.