Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн “Авдрыг нь аваад алтыг нь хаядаггүй” ишлэлийг хөрөнгийн зах зээлийн топ сувгууд онцолжээ

Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн “Авдрыг нь аваад алтыг нь хаядаггүй” ишлэлийг хөрөнгийн зах зээлийн топ сувгууд онцолжээ

Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг өөрчлөх шаардлага тавьж, Ерөнхий сайд Г.Занданшатар шийдэмгий байр суурь илэрхийлсэн талаар дэлхийн нэр хүндтэй хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ.

Тодруулбал, Financial Times, Bloomberg, The Wall Street Journal, The Times, Reuters зэрэг олон улсын томоохон агентлагууд Монголын Засгийн газар Оюу Толгойн төслийн гэрээний нөхцөлийг “шударга бус” гэж үзэн дахин хэлэлцэх шаардлага тавьсан тухай онцолсон байна.

Financial Times сонинд мэдээлснээр, Rio Tinto компанийн хэрэгжүүлж буй 18 тэрбум ам.долларын өртөгтэй Оюу Толгойн төслийн гэрээний нөхцөлийг Монгол Улс дахин хэлэлцэх шаардлагатай гэж үзэж буй талаар дурджээ. Ерөнхий сайд Г.Занданшатар Рио Тинто группийн Зэсийн группийн захирал Кэйти Жаксон тэргүүтэй албаны төлөөлөгчидтэй уулзах үеэрээ “Одоогийн нөхцөл байдал нь Монголын ард түмэн болон Улсын Их Хурлыг хууран мэхэлж байгаа мэт санагдаж байна” хэмээн байр сууриа илэрхийлснийг дээрх хэвлэлүүд онцлон мэдээлсэн байна.

Харин Rio Tinto компанийн төлөөлөгч Reuters агентлагт өгсөн тайлбартаа Монголын Засгийн газартай идэвхтэй хэлэлцээ хийж байгаагаа онцолж, Оюу Толгойн төслийн боломжийг бүрэн ашиглан талуудын үр өгөөжийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж буйгаа мэдэгджээ. Дэлхийн хамгийн том зэс, алтны ордуудын нэгт тооцогддог Оюу Толгойн төслийн 34 хувийг Монгол Улс, 66 хувийг Rio Tinto компани эзэмшдэг. Уг уурхай нь Rio Tinto компанийн зэсийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх хамгийн том төсөлд тооцогддог бөгөөд 2011 онд ил уурхайн олборлолт эхэлсэн юм.

Financial Times сонины мэдээлснээр, Монгол Улс Оюу Толгойн бүтээн байгуулалтад шаардлагатай хөрөнгө оруулалтын өөрийн эзэмшлийн хувийг санхүүжүүлэх зорилгоор Rio Tinto компаниас 11 хувийн хүүтэй олон тэрбум ам.долларын зээл авсан байна. Монголын Засгийн газар уг зээлийн хүүг 6 хувиас доош бууруулах, мөн төслийн менежментийн үйлчилгээний төлбөрийг багасгах санал тавьсан талаар мэдээлэлд дурджээ. Хэрэв талуудын хэлэлцээ амжилтгүй болбол Rio Tinto компанийн Монгол Улсад төлөх экспортын татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх боломжтойг мөн онцолсон байна. Оюу Толгой уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллах үед жилд 500 мянган тонн зэс олборлох боломжтой гэж компанийн албан ёсны мэдээлэлд дурджээ.