Монгол Улсад жил бүрийн хоёрдугаар сарын 28-ны өдрийг “Үндэсний бахархалт амьтан мазаалай баавгайг хамгаалах өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдөр нь дэлхийд зөвхөн Монголын говьд үлдсэн нэн ховор амьтан болох мазаалайн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, хамгааллын ач холбогдлыг олон нийтэд таниулах зорилготой юм.
“Мазаалай баавгайг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан энэ жил танин мэдэхүйн нээлттэй өдөрлөгийг 2026 оны хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 6-ны өдрүүдэд Цэнгэг Усны Нөөц, Байгаль Хамгаалах Төвд зохион байгуулна. Арга хэмжээг Байгаль Орчин, Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яам болон тус төв хамтран зохион байгуулж байгаа бөгөөд олон нийтэд мазаалайн талаарх судалгааны мэдээлэл хүргэх, байгаль хамгааллын боловсролыг дэмжихэд чиглэжээ. Өдөрлөгийн үеэр мазаалай баавгайн гэрэл зургийн үзэсгэлэн, баримтат кино, судалгааны ажлын үр дүнгийн танилцуулга, хүүхэд залуучуудад зориулсан танин мэдэхүйн хөтөлбөрүүд зохион байгуулагдана. Иргэд, сурагчид, оюутан залуус болон байгальд хайртай хүн бүр оролцох боломжтой бөгөөд мазаалайг хамгаалах үйлсэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байна.
Шинжлэх ухаанд Ursus arctos gobiensis хэмээх нэршлээр бүртгэгдсэн мазаалай нь хүрэн баавгайн говийн дэд зүйлд хамаардаг. Тэд Монголын өмнөд хэсэгт орших "Говийн Их Дархан Цаазат Газар"-ын А хэсгийн нутагт амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн хуурай, эрс тэс уур амьсгалтай бүсэд дасан зохицсон цөөн тооны хөхтөн амьтдын нэг юм.
Мазаалай нь бусад хүрэн баавгайтай харьцуулахад биеэр арай жижиг, цайвардуу хүрэн өнгөтэй, урт сарвуу, өргөн тавхайтай. Гол төлөв ургамлын гаралтай тэжээлээр хооллодог ч шавж, жижиг амьтан, сэг зэм идэх нь бий. Усны нөөц хомс говийн нөхцөлд баянбүрд, булаг шандын орчимд төвлөрөн нутаглах нь элбэг. Сүүлийн жилүүдэд мазаалайн тоо толгой цөөн хэвээр байгаа бөгөөд уур амьсгалын өөрчлөлт, ган зудын давтамж, усны эх үүсвэрийн ширгэлт, хүний үйл ажиллагааны нөлөөлөл зэрэг хүчин зүйлс тэдний амьдрах орчныг хумьж байна. Иймээс мазаалайг хамгаалах асуудал нь зөвхөн нэг амьтныг аврах төдий бус, говь, цөлийн эмзэг экосистемийг бүхэлд нь хамгаалахтай салшгүй холбоотой юм.