Монголын уул уурхайн нэгэн гэр бүлийн аав тэтгэвэрт гарах гэж болсонтой холбогдуулж Хонконгт 31 сая 500 зуун мянган ам.доллар буюу 113.4 тэрбум төгрөгийн маш өндөр үнэтэй байшин худалдаж авсан талаар Хятадын South China Morning Post сонин энэ сарын 19 /2026.02.19/-ны өдөр мэдээлжээ.
Тус нийтлэлд, "Монголын Алт" компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Нямтайширын Цэлмүүн уг байшинг гэр бүлийн хэрэгцээнд зориулан ашиглахаар төлөвлөж байгаа гэж мэдэгдлээ гэжээ.
Ингээд, "Монголын хамгийн том уул уурхайн конгломератуудын нэг болох "Монголын Алт" /MAK/-ийн ард буй гэр бүл Хонконгийн тансаг зэрэглэлийн Өмнөд дүүрэгт 247 сая хонконг доллар буюу ойролцоогоор 31.5 сая ам.долларын үнэ бүхий тусдаа байшин худалдан авсан байна. Худалдан авагч уг үл хөдлөх хөрөнгийг "тэтгэврийн орон сууц" болгон ашиглахаар төлөвлөж буйгаа мэдэгджээ.
Хонконгийн Газрын бүртгэлийн мэдээллээр, MAK компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Нямтайширын Цэлмүүн "Tisara Holdings" компани нэгдүгээр сарын 29-нд Вонг Ма Кок замын 128 тоотод байрлах "One Stanley" төслийн 5 дуаар байшинг худалдаж авах урьдчилсан гэрээнд гарын үсэг зурсан байна. Н.Цэлмүүн нь 1993 онд түүний эцэг Бямбаа Нямтайширийн үүсгэн байгуулсан MAK группийг удирддаг бөгөөд мөн ХасБанкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг. Тэрбээр South China Morning Post сонинд цахим шуудангаар өгсөн тайлбартаа уг "үл хөдлөх хөрөнгийг компанийн үйл ажиллагаатай холбоогүй, зөвхөн хувийн болон гэр бүлийн хэрэгцээнд зориулан худалдан авсан" гэдгээ онцоллоо.
МАК-ийн үүсгэн байгуулагчид 70-аас дээш настай болсон тул энэхүү байшинг тэтгэврийн зориулалттай, гэр бүлийн орон сууц болгон ашиглах аж. Энэ нь компанийн санхүүжилт, бизнесийн үйл ажиллагаатай ямар нэгэн холбоогүй хэмээн тэр мэдэгдсэн байна.

MAK нь Монголын хамгийн том нүүрс экспортлогчдын нэг бөгөөд Хятад руу нүүрс экспортолсон анхны компаниудын нэг юм. Тус групп нь Чинхуа групп, Huawei Technologies зэрэг Хятадын компаниудтай хамтран Шивээхүрэн хилийн боомтын дэд бүтцийг хөгжүүлж, экспортын хүчин чадлаа нэмэгдүүлж байгаа.
-ХОНКОНГИЙН ТАНСАГ ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ СЭРГЭЖ БАЙНА-
K&K Property компанийн хэрэгжүүлсэн "One Stanley" төсөл нь 43 блокоос бүрдэх, нийт 82 нэгжтэй, далайн үзэмж, хувийн нууцлал өндөртэй тансаг зэрэглэлийн орон сууцны цогцолбор юм. Тус төсөл нь дотоодын болон гадаадын чинээлэг худалдан авагчдыг татсаар байна. Нэг м2-ийн үнэ нь ойролцоогоор 52900 хонконг доллар болсон энэхүү гүйлгээ нь өнгөрсөн аравдугаар сард тогтоосон 54180 хонконг долларын дээд үзүүлэлтээс 2.4 хувиар бага байгаа ч зах зээлийн идэвхжил өндөр хэвээр байгааг харуулж байна.
"Knight Frank"-ийн тайланд дурдсанаар, 2025 оны сүүлийн улиралд 10 сая ам.доллараас дээш үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийн 81 гүйлгээ бүртгэгдэж, нийт 1.56 тэрбум ам.долларын арилжаа хийгджээ. Энэ нь 2021 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд дэлхийд Дубайн дараа хоёрдугаарт бичигдэж байна.
2025 онд эх газрын Хятадын худалдан авагчид The Peak болон Өмнөд дүүрэгт нийт 16 тэрбум хонконг долларын үнэ бүхий орон сууц худалдан авсан нь хэт өндөр үнэтэй сегментийн ихэнх гүйлгээг бүрдүүлжээ. "Centaline Property" компанийн мэдээлснээр, 100 сая хонконг доллараас дээш үнэтэй анхдагч гүйлгээний тоо нэгдүгээр сард 26-д хүрч, нийт 5.3 тэрбум хонконг долларын арилжаа хийгдсэн байна. Энэ нь өмнөх сараас 70 хувиар, үнийн дүнгээр 50 хувиар өссөн үзүүлэлт юм.

Тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр мэргэшсэн Habitat Property компанийн төлөөлөгч Алан Лигийн хэлснээр, "шинэ төслүүд сайн борлуулагдаж байгаа бол хуучин тансаг зэрэглэлийн байр хомс хэвээр байна. Худалдан авагчдын дийлэнх нь эх газрын Хятадууд боловч орон нутгийн болон зарим гадаадын хөрөнгө оруулагчид ч идэвхтэй оролцож байгаа" аж. Ийнхүү Хонконгийн өндөр үнэтэй орон сууцны зах зээл идэвхжиж, олон улсын чинээлэг худалдан авагчдын анхаарлыг дахин татаж эхэллээ" гэжээ.
Эх сурвалж: scmp.com