Улаанбаатар хотод Монгол, Хятад хоёр улсын төрийн тэргүүн нарын хэлэлцээрийн хүрээнд буцалтгүй тусламжаар хэрэгжих “Президент спорт цогцолбор”-ын загвар зургийг танилцууллаа.
Тус цогцолборыг “Дүнжингарав” худалдааны төвөөс зүүн тийш, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд хэсгийн ногоон байгууламж бүхий соёл, амралтын бүсэд байгуулахаар төлөвлөсөн байна. Нийт 58 мянган ам метр талбай бүхий уг бүтээн байгуулалт нь орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн спортын иж бүрэн төв байх аж. Төслийн хүрээнд хориод төрлийн спортын үйл ажиллагаа явуулах боломж бүрдэх бөгөөд хүүхэд, залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдраа хөгжүүлэх орчин нөхцөл сайжрах юм. Мөн олимп, тив, дэлхийн хэмжээний тэмцээн уралдаанд оролцох тамирчдын бэлтгэл сургуулилалтын бааз суурь өргөжих ач холбогдолтой гэж үзэж байна. “Президент спорт цогцолбор” нь нэгэн зэрэг 1327 хүнийг хүлээн авах багтаамжтай бөгөөд өдөрт 4500-6000 хүүхэд, залуус спортоор хичээллэх, нийтдээ 8000-10000 хүнд үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай байхаар төлөвлөгджээ. Уг төслийг Монгол, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын тохиролцооны дагуу БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж байгаа юм.

