Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 21 улсад суух Элчин сайдын нэрийг өнгөрсөн 2025 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр /2025.12.15/ УИХ-д өргөн барьж, улмаар намрын чуулганы төгсгөлд хэлэлцэн томилсон билээ.
Тухайлбал, Монгол Улсаас Австралийн холбооны улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваасүрэнг эгүүлэн татаж, Монгол Улсаас Австралийн холбооны улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Г.Тэнгэрийг санал болгож, томилсон байдаг.
Тэгвэл ийнхүү Элчин сайдаар томилогдсон ч хараахан тус улсад очиж, жуух бичгээ өргөн бариагүй байгаа Г.Тэнгэр нь Сар шинийн баярын өмнөхөн эхнэрээ зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Г.Тэнгэр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр А.Ш-гийнхаа биед халдаж, танхайрсан байна. Уг хэргийг хуулийн байгууллагаас шалгаж байгаа гэх мэдээлэл байгаа ч магадгүй дээрх томилгоотой холбоотойгоор хэрэг замхарч болзошгүй гэх хардлага байгаа юм.
Монгол Улсаас Австралийн холбооны улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Г.Тэнгэрийн энэ мэт хүчирхийллийн шинжтэй үйлдэл өмнө нь ч гарч байсан гэх бөгөөд тэрбээр улс төрийн хүрээллийнхэний нэрийг барьж "аргалсаар" өдийг хүрсэн байж болзошгүй байна. Угтаа ямар ч албан тушаалд томилогдсон, хэн байхаас үл хамаарч хууль эрх тэгш үйлчлэх учиртай. Тиймээс эл хэргийн талаар бид эргэн мэдээлэх болно.