Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон Нэгдсэн Үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска нар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү санамж бичгийн хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP) олон улсын байгууллагаар дамжуулан эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээнд түгээмэл хэрэглэдэг, зардал өндөр, нэн шаардлагатай, тасалдал үүсэх өндөр эрсдэлтэй эмийг чанартай, боломжийн үнээр нэг эх үүсвэрээс шууд худалдан авах боломж бүрдэж байна.
Тухайлбал, “Төрөөс төлбөрийг нь хариуцах зарим өвчин эмгэг, түүний эмийн жагсаалт”-д байдаг тасалдал үүсэх эсдэлд ороод байсан гемофилийн эсрэг эмийг уг санамж бичгийн хүрээнд худалдан авах юм.
Гемофилийн эсрэг эмийг цус бүлэгнэлтийн эмгэгтэй өвчтөнд тогтмол тарьж, цус алдалтаас сэргийлэх, цус алдалтыг эмчлэхэд хэрэглэдэг. Мөн уналт таталтын эсрэг эмүүдийг ч нэг эх үүсвэрээс авах эмийн жагсаалтад багтаан нийлүүлэхээр болж байна.
