"Эрчист Монгол" ХХК-ийн захирал Г.Амартүвшин чөлөөлөгдөх хүсэлт гаргасан.
Тэрбээр энэ талаараа "Би чөлөөлөгдөх өргөдлөө сарын өмнө өгсөн. Ажил үүргээ хэрэгжүүлэх явцад нэр бүхий зарим сайд болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас бодлогын болон удирдлагын түвшинд саад учруулж, шийдвэр гаргах боломжийг хязгаарлаж байсан.
Өнгөрсөн зургаан сарын хугацаанд бид 35.8 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан. Ил тод байдал, санхүүгийн сахилга бат, зөв засаглалыг бий болгохын төлөө системийн өөрчлөлт эхлүүлэхийг зорьсон.
Төрийн өмчит компанийн реформыг эхлүүлэх нь зөв. Хамгийн чухал нь түүнийг тууштай үргэлжлүүлэх ёстой. Гэвч улс төрийн нөлөөлөл давамгайлсан хуучин тогтолцоогоор явбал өөр замаар явсаар байна. Юуны өмнө төрийн өмчит компаниудыг ашигтай ажиллуулж, засаглалын бүтэц, хариуцлагын тогтолцоог тодорхой болгох шаардлагатай. Хамгийн гол шинэчлэл бол улстөрчдийн шууд болон шууд бус нөлөөллөөс ангид болгох явдал. Сонгуулийн цикл бүрээр шинэ сайд, дарга нар өөрсдийн хүмүүсийг томилдог тогтолцоог халж чадахгүй бол реформ бодитоор хэрэгжихгүй. Томилгоо улс төрийн тохироо биш, мэргэжлийн шалгуурт суурилсан байх ёстой. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, мөн эрх мэдлийн нөлөөллөө алдсан Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон Төрийн өмчийн хорооны зарим гишүүд миний ажлаас түдгэлзэх шийдвэрт нөлөөлсөн .
Бид төмөр замын төсвөөс 26.7 тэрбум төгрөгийг хассан. Тухайн төсөв нь өвлийн улиралд шороон зам услах нэрээр зардалд тусгагдсан байсан. Ер нь сайд нарын тойргийн санхүүжилтэд чиглэсэн шинжтэй, үр ашиггүй зардлууд байсныг бид эсэргүүцэж, өөрчлөлт оруулсан. Төрийн өмчийн хорооны хяналтын менежерүүдийн тогтолцоо үр ашиггүй болсон. Тэд бодит хариуцлага, бодит нөлөө үзүүлэхгүй атлаа удирдлагын түвшинд улс төрийн нөлөөллийн суваг болж байна. Иймд энэ бүтцийг цэгцэлж, мэргэжлийн, хараат бус хяналтын тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай. Мөн төрийн өмчит компанийн ТУЗ-ийг жинхэнэ утгаар нь хараат бус болгох хэрэгтэй. ТУЗ-ийн гишүүдийн дийлэнхийг гаднаас, мэргэжлийн, туршлагатай хүмүүсээс бүрдүүлэх ёстой. Тэгж байж засаглал зөв чиглэлд ажиллана. Харин утсан хүүхэлдэйнүүдийн томилгоо үргэлжилбэл төрийн өмчит компаниудын үр ашиг, сахилга бат, хариуцлага сайжрахгүй. Реформ хийхийн тулд улс төрийн нөлөөллөөс салж, ил тод, мэргэжлийн, тогтвортой засаглалын тогтолцоог бий болгох нь хамгийн чухал шинэчлэл юм. Үүнээс эхлэхгүй бол жинхэнэ өөрчлөлт хийгдэхгүй" гэлээ.