Ч.Болдбаатар: "Улс тунхагласны баяр" гэх биш “Бүгд Найрамдах улсын өдөр” гэж нэрлэх ёстой

Ч.Болдбаатар: "Улс тунхагласны баяр" гэх биш “Бүгд Найрамдах улсын өдөр” гэж нэрлэх ёстой

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 101 жилийн ой тохиож байна. Эл өдрийг бид “Улс тунхагласны баяр” хэмээн нэрийдэж, үндэсний дээл хувцсаа өмсөж, бүх нийтээрээ амардаг билээ. Тэгвэл энэ өдрийг тохиолдуулан МУБИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор, дэд профессор Ч.Болдбаатартай ярилцлаа.

ВИДЕО:

"АЛИВАА БАЯРЫН НЭР НЬ АГУУЛГАТАЙГАА ДҮЙЦЭЖ БАЙХ ЁСТОЙ"

-Улс тунхагласны баярын өдрийн талаар. Энэ хэр үнэ цэнтэй баяр вэ?

-Улс тунхагласны баяр бол Монгол Улсын тэмдэглэлт өдрүүдийн нэг. Одоогоос 101 жилийн өмнө БНМАУ-ыг тунхаглаж, Үндсэн хуулиа баталсан түүхт өдөр. Зарим залуус, иргэд “Улс тунхагласны баяр"-ыг “Тусгаар тогтнолын өдөр”-тэй андуурдаг. Нэртэй нь холбоотой шүү дээ. 1911 оны 12 сарын 29-нд Монгол Улс тусгаар тогтнолоо зарласан. Энэ улс хаант засаглалтай улс байсан. Харин 1924 онд Богд хаан жанч халсны дараа манай улс сонгуулийг эрхэмлэсэн гүрэн байгуулах зорилтынхоо хүрээнд төрийн эрх барих дээд байгууллагаа сонгуулийн үндсэн дээр байгуулдаг тогтолцоо руу шилжсэн. Энийг бид нар бол улс төрийн шинжлэх ухаанд Бүгд Найрамдах засаглал гэж нэрлэдэг.

Сонгуулийн үр дүнд төрийн эрх барих дээд байгууллагаа сонгодог тогтолцоонд шилжсэн өдөр байх нь. Өөрөөр хэлбэл энэ өдөр манай улс засаглалын хэлбэрээ сольж, Үндсэн хуулиараа баталгаажуулсан.

Өнөөдөр бид бүгд сонгууль өгдөг шүү дээ. Сонгууль өгч, үр дүнд манай төрийн эрх барих дээд байгууллага байгуулагдаж байна. Өөрөөр хэлбэл ард түмнээсээ эх сурвалжтай байна гэсэн үг. Тэгэхээр Бүгд Найрамдах засаглалыг бид 1924 оны 11 сарын 26-нд сонгож авсан гэсэн үг. Энэ л өдрийг бид эргэн санаж, баярлаж байна шүү дээ.

-Энэ өдрийг Улс тунхагласны баяр хэмээн нэрлэх нь биднийг 100 жилийн өмнө тусгаар улсаа зарласан мэт ойлголт өгдөг. Улс тунхагласны баяр хэмээх нэр өөрөө зохимжтой юу?

 -Тийм ээ. Би ч мөн адил Улс тунхагласны баяр гэх нэрийг өөрчлөх ёстой гэсэн байр суурьтай байдаг. 11-р сарын 26-ны өдрийг “Улс тунхагласны баяр” гэж нэрлэдэг. Харин  12 сарын 29-ний өдрийг болохоор “Үндэсний эрх чөлөөний өдөргээд хууль дээр заачихсан. Тэгэхээр бид шууд хуулиар зааж өгөх хэрэгтэй. 12 сарын 29 бол “Тусгаар тогтнолын өдөр”. Харин 11 сарын 26 бол “Бүгд Найрамдах Улсын өдөргэж тодорхой нэрлэх юм бол хүмүүст ойлгомжтой, хүртээмжтэй болно.

-Нэрийг шууд өөрчилсөн ч хүмүүс сурсан нэрээрээ явсаар байх болов уу. Гэхдээ л үйлдэл хийх нь чухал байх.

-Тийм ээ. Хүмүүсийн хэвшил болсон нэрээрээ нэрлээд хэсэг явах байх. Тухайлбал, МУБИС-ийг одоо ч хүмүүс багшийн дээд л гэж ярьсаар байна. Гэхдээ ер нь бол нэрийг нь шууд оноож өгсөн нь маш чухал. Нэр нь агуулгатайгаа дүйцэж байх ёстой.

"ТҮҮХ ӨӨРӨӨ СУРГАМЖ ӨГДӨГ"

-Нэршлийг өөрчлөх тал дээр салбарын судлаачид байр сууриа илэрхийлдэг үү?

- Бид бол оюутан байхаасаа эхлээд 12 сарын 29-нд амардаг өдөр болъё гээд явсан. Манай дээд үеийн түүхчид, залуучууд нийлж явсаар байгаад амардаг боллоо. Хамгийн чухал нь энэ баярыг санан дурсах нь чухал шүү дээ. Харин 11 сарын 26-ны өдрийг бид нэг хэсэг огт тэмдэглэдэггүй байсан. Тэгээд дахиад хууль санаачилж баярлаж эхлэхдээ “Улс тунхагласны баяр” гээд ороод ирсэн юм. Бид бол саналаа хэлнэ. Шийдвэрийг хууль тогтоогчид л гаргана. Бид оюутан байхдаа 12 сарын 29-ны өдрийг хуульчилж, тэмдэглэлт баярт оруулах ёстой хэмээн тэмцэж байлаа. Тэгээд Богд хааны ордон музейд очиж тусдаа тэмдэглэл хийдэг байсан. 2000 оны үед энэ үзэл санаагаа хэлсний төлөө олон удаа зэмлүүлж явлаа. Бид ч бага залуу байлаа даа.

-Ач холбогдол агуулгын хувьд 12 сарын 29 буюу Тусгаар тогтнолоо сэргээсэн баяр нь илүү байх.

-12 сарын 29 бол таны төрсөн өдөр гэсэн үг. Харин 11 сарын 26 бол та нэрээ сольсон өдөр байх нь. Энгийнээр ингэж ойлгуулж болох байх.

-Энэ өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэх ач холбогдлын талаар.

- Түүх өөрөө сургамж өгдөг. Мөн танин мэдэхүйн ач холбогдолтой. Тийм учраас бид түүхээ мэдэхгүй бол хэн нэгэн чамд түүх зохионо. Бид гаднын улс орныг зориод явахдаа Монгол хүн гэдгээрээ гоёдог. Монголоороо л ялгардаг. Бид өөрсдийнхөө түүх соёл, хэл заншлыг хамгаалж хайрлахгүй бол өөр хэн нэгэн бид нарын өмнөөс хамгаалж, хайрладаг. Үндэстний ой санамжтай байна гэдэг хамгийн чухал. Монголчууд бол дэлхийн том үндэстний нэг шүү дээ. Бид дэлхийд данстай хүмүүс. Тийм учраас тэрийгээ тэмдэглэдэг, баярладаг, утга учрыг нь ойлгодог байх нь бол маш чухал зүйл юм.

"ТҮҮХ, СОЁЛОО МЭДЭХГҮЙ БҮТЭН ҮЕ ГАРЧ БАЙГАА НЬ БИДНИЙ БУРУУ"

-Хүүхэд, залуус түүхийн энгийн жижиг зүйлсийг мэдэхгүй байна хэмээн шүүмжилдэг. Та энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?

-Энэ асуудал бол багш нар, түүхийн мэргэжлийн хүмүүсийн гол ажил. Мөн суралцана гэдэг явц бол гэр бүл, сургууль, өөрийн хичээл зүтгэлийн үр дүн. Нэгдүгээрт, хувь хүн өөрөө хичээх ёстой. Мөн багш нар тухайн сэдвийг ямар арга замаар заах нь чухал. Цаашлаад гэр бүлийн орчинд монгол ахуй заншлаа зааж өгдөг, сургадаг байх ёстой. Энэ бүхэн байхгүй учир түүх, соёл заншлаа мэддэггүй бүхэл бүтэн үе гарч ирж байгаа юм. Энэ бол бидний л буруу. Түүх бол хүмүүнлэгийн шинжлэх ухааны суурь шүү дээ.

-10 жилийн сурах бичиг хангалтгүй байна гэдэг шүүмжлэл байсаар ирсэн. Таны байр суурь ямар байдаг бол.

Дунд сургуулийн сурах бичгийн хэвлэлийн хуудас бага байдаг юм. Бид сурах бичиг хийж байсан. Хуудас бага учир түүхийнхээ агуулгыг багтааж болдоггүй. Маш бага зүйл дурдаад өнгөрдөг. Магадгүй одоо хэвлэлийн хуудсыг нь их тавиад, сонгон шалгаруулалт зарлах хэрэгтэй. Ингээд бид арван жилийн сурагчдад сонголтгүй агуулга сайн нэг сурах бичигтэй болбол илүү үр дүнтэй байх болов уу. Миний байр суурь ийм л байдаг. Түүх дээр бол нэг юмаа барьж явсан нь зөв байх. Орос улс гэхэд түүх заахгүй 1-2 жил завсарлаж байгаад сурах бичгээ шинээр зохиож байна.

-Ярилцсанд баярлалаа.