Монголын жорлонгийн холбоо, Усны газраас Дэлхийн жорлонгийн өдөрт зориулан мэдээлэл хийлээ.
Монголын жорлонгийн холбооны ерөнхийлөгч, доктор Б.Басандорж “2020 онд УИХ-аар Тогтвортой хөгжлийн зорилтуудыг баталсан билээ. Түүний нэг нь нүхэн жорлонгийн асуудлыг шийдвэрлэх, 2030 онд гэхэд 90 хувьд хүргэх зорилт тавьсан. Монголчуудын 40 хувь нь орон сууц, 60 хувь нь гэр хороололд амьдарсан хэвээр байна. Монгол Улсад зөвхөн нүхэн жорлонгоос өдөрт 5.25 сая тонн шингэн, 1.4 сая тонн өтгөн хаягдал хуримтлагдаж байгаль орчин, хөрсөнд ил задгай хаягдаж байна. Агаарын бохирдлоос илүү ус, хөрсний бохирдол үндэсний хэмжээний гамшиг болсныг дээрх тоо баримт харуулж байна.Нөгөө талд 3-6 метр гүнд, 10-15 метр радиуст асар их хэмжээний бохирдол тархсан байна. ДЭМБ-аас гаргасан судалгаагаар хүний өтгөн хаягдал маш их хэмжээний бохирдолтой болохыг тогтоосон байдаг. Энэ жорлонгийн хувьсгал гэх асуудлыг зөвхөн Монгол төдийгүй дэлхийн олон улс орнуудад хийж байна. Жорлонгийн асуудлаа хүнд ээлтэй, ус бага хэрэглэдэг, байгальд ээлтэй байдлаар шийдэх талаар хэлэлцэж эхэлсэн. Гэтэл бид өнөөдөр модон жорлонгийн асуудлаа ч шийдэж амжаагүй байна.
Манай улсад энэ асуудлаа хэрхэн шийдэх талаар хууль эрх зүйн орчин хангалтгүй хэвээр байгаа. Бид өдгөө жорлонгийн асуудлаа шийдээгүйгээс болж жилд 325 тэрбум төгрөгийн алдагдалд орж байна гэсэн тооцоолол бий. Энэ нь ДНБ-ний 0,5 хувьтай тэнцэж байна гэх судалгаа бий. Хүний эрүүл мэнд, байгаль экологи зэргээс гадна эдийн засаг хүртэл энд яригдана” гэлээ.
Усны газрын дарга З.Батбаяр “Энэ оны 3, 5, 6, 11 сард Туул голын зургаан гүүр орчмоос дээж авч шинжилгээ хийсэн. Тус шинжилгээгээр гэдэсний савханцар илэрсэн. 2024 оны 8 сард Усны газраас Туул болон Дунд голд усан орохгүй байх санаачилга гаргасан. Гэтэл өдгөө хүүхдүүд орсон хэвээр байна. Мөн Сонгинохайрхан, Арслантай гүүрний уснаас ижил бохирдолтой байна. Улаанбаатар хот 4700 м.кв нутаг дэвсгэртэй. Үүн дээр 680 мянган нүхэн жорлон бий. Өөрөөр хэлбэл 60 метр тутам нэг нүхэн жорлон бий. Нөгөө талд 18 мянган гүний худаг байна. Нэг гүний худгийг тойроод 40 нүхэн жорлон бий гэсэн үг шүү дээ.
Намайг бага байх үед Улаанбурхан өвчнийг бохир гарын өвчин гэж нэрлэж байна. Харин 21-р зуунд дахин гарч, 10 мянга гаруй тохиолдол батлагдлаа. Үүний шалтгаан нь гол бохирдолтой байгаа юм. Иймд анхдагч нүхэн жорлонгоо шийдэх хэрэгтэй байна. Улаанбаатар хотод байгаа ямар ч худгийн уснаас уух боломжгүй болсон” гэлээ.