СУРВАЛЖИЛГА: Төр театртай байх шийдвэрээ НИТХ-аар батлуулж, нийслэлчүүдийн ундны усны ундарга дээр барих гэж байна

СУРВАЛЖИЛГА: Төр театртай байх шийдвэрээ НИТХ-аар батлуулж, нийслэлчүүдийн ундны усны ундарга дээр барих гэж байна

Өнгөрсөн пүрэв гарагт /2025.10.16/ НИТХ-ын ээлжит тавдугаар хуралдаан болж, Төслийн хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай буюу “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-нд шинээр хийх бүтээн байгуулалтын талаар хэлэлцэж, олонхын саналаар дэмжсэн. 

Тодруулбал, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн нийт 973 га газрын 40 га талбайд Үндэсний урлагийн их театр болон Төв цэнгэлдэх хүрээлэн барих шийдвэрийг гаргасан юм. Энэ ажлыг БНХАУ-ын буцалтгүй санхүүжилтээр хийнэ гэдгийг тодотгож байлаа.

ВИДЕО:

"ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД ТЕАТР БАРИХЫГ НИТХ-ЫН ЗАРИМ ТӨЛӨӨЛӨГЧИД ЭСЭРГҮҮЦСЭН Ч БАТЛАГДАВ"

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь нийслэл Улаанбаатар хот дахь хамгийн том хэмжээтэй, иргэдийн амарч зугаалах ногоон бүс юм.  Нөгөө талд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь дотоодын цэргийн хамгаалалттай, улсын онцгой объект. Улаанбаатар хотод нийт 88 цэвэр усны гүнийн худаг байдгаас 61 нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрладаг. Цэвэр усны нөөцийн 50 гаруй хувь нь хүрээлэнгийн газар нутагт байрлаж байгаа учраас усны нөөцийг хамгаалах зайлшгүй шаардлагатай гэж мэргэжилтнүүд үздэг. Иймд, НИТХ болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2009 оны 230 дугаар захирамжаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг байгуулж байсан билээ.

Туул голын ундны эх үүсвэрийг хамгаалах буюу нийслэлчүүд уух устай байх эсэхийг шийдэх Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд театр барих ямар ач холбогдолтой вэ гэх асуулт мэдээж гарна. НИТХ-ын ээлжит тавдугаар хурлын үеэр ч энэ асуудлыг зарим тавьж төлөөлөгч нар тавьж байсан юм.

Тухайлбал, НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул “2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын индрээс “Тэрбум мод” хөтөлбөрийг санаачилж зарласан. Байгаль орчны салбар сэргэж эхэлсэн. Олон газрыг хамгаалалтад авсан. Ногоон байгууламжийг хөгжүүлэхэд улсын болоод нийслэлийн бодлогын бичиг баримт чиглэсэн. Харин өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс 96 га газрыг авах гэж байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлагаар ажиллаж байсан хүний хувьд би эсрэг байр суурьтай байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дархлаагүй болсонд харамсаж байна” гэсэн байр суурь илэрхийлсэн юм.

Харин НИТХ-ын төлөөлөгч О.Зундуйдорж “Усаа бид хайрлаж, хамгаалах ёстой. Өөр бололцоотой газар санал болгож, дахин зөвшилцөх хэрэгтэй байна. Дараа дараагийн газрууд барилга барихгүй гэх баталгаа хаана байна” гэлээ.

Энэ мэт хэд, хэдэн төлөөлөгч эсэргүүцсэн байр суурь илэрхийлсэн ч Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай “Улаанбаатар хот Сэлбэ, Туул, Дунд гол гээд усны нутаг. Дэлхийн жишгээрээ голоо дагаж байрладаг. Ундны усаа голоосоо ч, голын гүнээсээ ч авч байгаа. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээгээ хийгээд голоо дагаад төлөвлөлт хийгээд явдаг. Дэлхийн жишиг яриад хотоо хөгжүүлээд түгжрэлээ шийдье, агаарын бохирдлыг бууруулж ажил хийх гэхээр улс төржөөд байх юм. Үндэсний урлагийн их театрыг 200 сая ам.доллароор барих гээд хүлээгээд байдаг. “Асем вилла”, гольфийн талбай гээд хувийн байгууллагууд барилга болж байдаг, улс өөрсдийн мэдэлдээ ажил хийж болохгүй юу” гэсэн тайлбарыг өгснөөр санал хураалтыг явуулж, дэмжүүлжээ.

"Т.БАТЦОГТ: ҮР ХҮҮХДҮҮД МИНЬ УУХ УСГҮЙ ҮЛДВЭЛ ХЭН ХАРИУЦАХ ВЭ"

Манай улс ардчилсан чөлөөт эдийн засагтай улс. Чөлөөт эдийн засгийн гол тулгуур нь хувийн хэвшил байдаг. Гэтэл энэ цаг үед төр өөрөө гол тоглогч нь болж, бүх салбарт ордог жишиг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг тойроогүйд иргэд олон нийт бухимдаж буй. Учир нь төр өөрөө театр байгуулах бус улсдаа хамгийн том цэцэрлэгт хүрээлэнгээ арчлах, ногоон байгууламжийг нь нэмэгдүүлэх зэрэгт бодлогоо баримтлах учиртай. Иймд тус театрыг өөр газар байгуулах хэрэгтэй гэсэн саналыг илэрхийлж буй НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт гаргасан байна.

Тэрбээр “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ямар нэг байдлаар барилга байгууламж барихыг эсэргүүцэж байгаа. Хотын түгжрэл, агаарын бохирдол гээд энэ их стрессийг ганц тайлах зүйл нь иргэдэд ногоон байгууламж. Бид эрх мэдлийнхээ хүрээнд хумсалсаар байгаад өчүүхэн хэсэг л үлдэх юм шиг байна. Улсын хэмжээний томоохон төслүүд явах ёстойг мэдээж хэрэг ойлгож байна. Гол нь уух усныхаа дээр барилга барих гээд байгаа ойлгохгүй байна. Тиймээс хорооны хурал дээр санал гаргасан.

Замынх нь хойд хэсэгт зориулалтын дагуу ашиглахгүй хууль зөрчсөн газар байгаа. Тэнд Үндэсний их театрыг байгуулж болдоггүй юм уу гэсэн санал, шийдлийг би танилцуулсан ч хэн ч дэмжсэнгүй.

Гарц, шийдэл бий. Бид хотоо задлах, тэлэх бодлого баримтлах ёстой. 10, 20 жилийн үр хүүхдүүд минь уух усгүй үлдвэл хэн хариуцах вэ. Дээр нь мэргэжлийн байгууллагуудаас ямар ч санал, дүгнэлт, зөвлөгөө аваагүй дур зоргоороо аашилж байна” гэсэн юм.