АНУ-ын Цагаан ордны зүүн жигүүрийн хэсгийг өчигдөр /2025.10.20/ буулгаж, Д.Трампын шинэ цэнгээний танхимын барилгын ажлыг эхлүүлсэн талаар BBC агентлаг мэдээлсэн байна.
Тодруулбал, даваа гараг /2025.10.20/-т Цагаан ордны зүүн жигүүрийн барилгын үүдний хэсэг болон цонхнуудыг буулгаж, “бүрэн шинэчлэл” хийх ажлыг эхлүүлсэн бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп энэхүү төслийг “Цагаан ордны түүхэн бүтэцтэй бүрэн нийцсэн, орчин үеийн өргөтгөл” барина гэж тодорхойлсон байна. Энэ талаар Д.Трамп, "Энэхүү барилгын ажил одоогийн барилгад саад болохгүй, хүрэхгүй. Цагаан ордныг хүндэтгэсэн төгс бүтээл байх болно. Энэ бол миний хамгийн хайртай газар” гэж өнгөрөгч долоодугаар сард хэлж байжээ.
Уг барилгын ажил нь 250 сая ам.долларын өртөгтэй бөгөөд улсын төсвөөс нэг ч доллар зарцуулахгүй гэжээ.
Мөн Д.Трамп олон нийтийн сүлжээнд "150 гаруй жилийн турш бүх ерөнхийлөгчид Цагаан ордонд том цэнгээний танхимтай болохыг хүсэж ирсэн. Гадаад улсын зочид, ёслолын хүлээн авалт, баярын арга хэмжээг зохион байгуулах боломж одоо л бүрдэх гэж байна” гэж бичжээ. Мөн тэрээр барилгын ажлыг “олон эх оронч хандивлагчдын хувийн хөрөнгөөр” санхүүжүүлж байгааг онцолсон ч нэрсийг нь Цагаан ордон зарлаагүй байна.
Эх сурвалж: BBC