Академич С.Нарангэрэл: ҮХ зөрчсөн томьёоллоор санал хураалт явуулж Засгийн газрыг огцруулбал төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан болно

Академич С.Нарангэрэл: ҮХ зөрчсөн томьёоллоор санал хураалт явуулж Засгийн газрыг огцруулбал төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан болно

УИХ-ын чуулганы баасан гаргийн нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулсан процедур нь Үндсэн хууль зөрчсөн болохыг хуульчид хэлж байна.

Тухайлбал, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101.2-т “Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайдыг огцруулах саналыг хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанд танилцуулна” гэж, 101.3-т “Нэгдсэн хуралдаан Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож, ил санал хураалт явуулна” гэж заасан. Гэтэл хуулийн дээрх заалтуудыг зөрчиж, чуулганы нэгдсэн хуралдаан дээр Төрийн байгуулалтын байнгын хорооны саналын томъёоллоор санал хураасан нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болжээ. Энэ талаар хуульчдын байр суурийг хүргэж байна.

Академич С.Нарангэрэл: 2019 оноос өмнө Засгийн газрыг огцруулах тухай албан ёсны саналыг Улсын Их Хурал хэлэлцэж шийдвэрлэдэг байсан буюу холбогдох байнгын хорооны саналыг үндэслэн санал хурааж болдог байсан. Гэтэл 2019 онд орсон нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын нэгдсэн чуулганаар “Ерөнхий сайдыг огцруулна гэсэн” гишүүдийн саналыг л хэлэлцэн шийдвэрлэж, санал хураах шинэ Үндсэн хуулийн орчин үйлчилж байна. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны томьёоллоор санал хураалт хийлгэвэл маш ойлгомжгүй, эргэлзээтэй байдал үүсэж болзошгүй. Өөрөөр хэлбэл байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжье гэсэн маягийн нэн ойлгомжгүй Үндсэн хуулийн зөрчилдөөнтэй томьёоллоор санал хураалт хийгдэх болно шүү дээ. Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно” гэж заасан. Төрийн эрх мэдэл бол УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч, Улсын дээд шүүх шүү дээ. УИХ Үндсэн хууль зөрчсөн томьёоллоор санал хураалт явуулсны үндсэн дээр Ерөнхий сайдыг огцруулж, шинэ Ерөнхий сайдыг томилоход хүрвэл нэг ёсондоо төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан асуудал болж хувирна.

ВИДЕО: