Аравдугаар сарын 1-нээс нийслэлд хагас коксон шахмал түлшийг борлуулна гэж байсан ч тодорхой хэмжээний төсөв хөрөнгийг нь батлаагүй гэх шалтгаанаар хойшлуулаад байсан. Тэгвэл тус түлшийг өнөөдрөөс нийслэлд борлуулж эхлэхээр болжээ. Хагас коксон түлшинд ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн болон бусад лабораторийн хийсэн шинжилгээгээр,
- Сайжруулсан шахмал түлшнээс 45-50 хувиар бага бохирдол ялгаруулна.
- Сайжруулсан шахмал түлшнээс 25 хувиар бага угаарын хий ялгаруулна.
- Уушгинд шүүгддэггүй нарийн ширхэгт тоосонцор 80 хүртэл хувиар багасна.
- Гэр хороололд буюу яндангаас гарч байгаа агаарын бохирдол 80 хүртэл хувиар буурна гэж тооцоолсон.Ингэснээр энэ өвөл Улаанбаатар хотын агаар орчны бохирдол 45-50 хувь хүртэл буурна гэж тооцоолжээ.
Энэ жил иргэд “HOTULA” аппликейшн болон “Сайн” карт ашиглан түлш худалдан авах боломжтой. “HOTULA” аппликейшн нь хэрэглэгч өөрийн худалдан авсан түлш, зарцуулалт, үлдэгдлээ шууд хянах боломжийг олгох юм. Мөн борлуулалтын цэгийн мэдээллийг тус аппликейшнээс авч болно. Харин энэхүү аппликейшныг ашиглах боломжгүй айл өрх, хэрэглэгчид иргэний үнэмлэхийнхээ QR кодоор түлшээ худалдан авч болно.