Л.Шинэбат: 10 настайдаа “Лоолойгийн найзууд"-ыг хөтөлснөөсөө хойш телевизийн салбарт дурлаж, Солонгост энэ чиглэлээр суралцаад саяхан эх орондоо ирсэн

Л.Шинэбат: 10 настайдаа “Лоолойгийн найзууд"-ыг хөтөлснөөсөө хойш телевизийн салбарт дурлаж, Солонгост энэ чиглэлээр суралцаад саяхан эх орондоо ирсэн

Бид бүхний багадаа шимтэн үздэг байсан цөөн хэдэн хүүхдийн нэвтрүүлгийн нэг нь “Лоолойгийн найзууд”. Нэвтрүүлгийн хөтлөгч нар болох Л.Шинэбат, Б.Ариунгуа нарын цовоо цангинасан яриа, адтай сэргэлэн байдал “Лоолойгийн найзууд”-ыг бидний сэтгэлд тодоос тод мөнхлөн үлдээжээ. Тэгвэл бид энэ удаа уг нэвтрүүлгийн хөтлөгчөөр 10 настайгаасаа эхлэн ажиллаж байсан Л.Шинэбаттай ярилцлаа.

ВИДЕО:

-Юун түрүүнд урилга авч ирсэнд баярлалаа. Монголд хэзээ ирэв?

-Юуны өмнө урьж ярилцаж байгаад баярлалаа. Намайг Л.Шинэбат гэдэг. Ихэнх хүмүүс “Лоолойгийн найзууд”-ын Шинээ гэдгээр маань мэдэх байх. Солонгост суралцаж төгсөөд, энэ наймдугаар сарын сүүлээр монголдоо ирсэн. 10 гаруй жилийн дараа эх орондоо ирж байгаа тул монголдоо удаан байх зорилготой байгаа. Монгол Улс маань жил ирэх тусам гадна талаасаа ч тэр, хөгжил талаасаа ч тэр улам гоё болж байна шүү.

 -“Лоолойгийн найзууд” нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж байх үедээ хэдэн настай байсан бэ?

-Манай нэвтрүүлгийн 20 жилийн ой нь энэ жил болж байгаа. Энэ нэвтрүүлэгт 10 гаруй жил ажиллаж байгаад Солонгос Улс руу сурахаар явсан. “Лоолойгийн найзууд” нэвтрүүлэг анх 2008 онд эхэлсэн байдаг. Тэрнээс өмнө нэвтрүүлгийнхээ найруулагчтай хамтраад “ТМ” телевиз дээр “Миний цаг” гэдэг нэвтрүүлгийг анх хөтөлж эхэлж байсан. Тэгээд нэвтрүүлэг маань цаашдаа “ТВ9” телевиз рүү шилжээд, тухайн жил нь гахай жил таарсан тул “Лоолойгийн найзууд” гэдэг нэрээр үзэгчдэд анх хүрч эхэлж байсан. Тухайн үед 10 настай л хүүхэд байсан даа.

-10 настай хүүхэд гэхэд хөтлөх чадвар сайтай хүүхэд байж. Багаасаа л их авьяастай хүүхэд байж дээ?

-Би цэцэрлэгт байхдаа “Уран жиргээ” гээд тэмцээнд ордог байсан. Тэгээд аав, ээж маань “Хүү маань энэ тал руугаа авьяастай байж магадгүй юм” гэж зөвлөлдсөний үндсэн дээр “Монголын хүүхдийн ордон”-ы драмын дугуйланд явуулж байсан. Тэндээсээ камертай харьцаад, тайз дэлгэцтэй харьцаж танилцаж, тухайн нэвтрүүлэгт хөтлөгчөөр шалгаран орсон. Анхны нэвтрүүлгийн хөтлөлтийг одоо бодоход ерөөсөө ярьдаг сайн хүүхэд байгаагүй. Муу байсан. Явцын дундаа сайжраад явсан байх гэж бодож байна.

-“Лоолойгийн найзууд” нэвтрүүлгийг олон хүүхэд шимтэн үздэг байлаа. Тэр хэрээрээ хөтлөгч нар нь олны танил болсон. Тухайн үед хэрхэн мэдэгддэг байв?

-Манай нэвтрүүлэг өдөр болгон гардаг байсан. Өдөрт нэг цаг гарна. Өглөө нь давтана. Тэгэхээр би 365 хоног 365 цагт дэлгэцийн ард байсан гэж хэлж болно. Тухайн үедээ “Хамгийн олон цаг дэлгэцээр гарсан хүүхэд” гэж “Гиннесийн амжилт” байдаг байсан юм. Миний тэр амжилтыг эвдсэн хүүхэд одоогоор гараагүй байгаа байх гэж бодож байна. Тийм болохоор ч тэр юм уу, монголын ихэнх хүмүүс үздэг байсан. Хүүхдүүд ч гэлтгүй хүүхдүүдээ дагасан аав ээжүүд, ах эгч нар, бүр эмээ өвөө нар хүртэл үздэг нэвтрүүлэг байлаа. Тийм болохоор их гоё байсан. Тухайн үедээ олны танил болчихсон. Хаана ч явсан “Өө, нөгөө хүүхэд байна шүү дээ”, “Өө, Шинээ байна шүү дээ” гээд хүн болгон мэддэг, хүүхдүүдтэй уулзах юм бол маш удаан зургаа авхуулаад, “Гарын үсэг авъя” гэдэг байсан. Одоо бол жаахан хүүхдүүд танихгүй. Тухайн үедээ аав ээж, ах эгч байсан хүмүүс, эсвэл миний үе байсан хүүхдүүд “Аа нөгөө хэн билээ, нөгөө хүүхэд” гээд таниад байх үе бий. Хүмүүсийн сэтгэлд нэвтрүүлгээр, тухайн үеийн дүрээрээ үлдчихсэн байдаг болов уу гэж бодож байна.

-Тухайн үед хамтдаа хөтлөгч хийдэг байсан Б.Ариунгуатайгаа холбоотой байдаг уу?

-Б.Ариунгуатай холбоотой байдаг. Байнгын уулзаад байж чадахгүй л дээ. Яагаад гэвэл Б.Ариунгуа маань ажилтай, хүүхдүүдтэй гээд зав ховорхон олдоно. Тийм болохоор байнгын уулзаад байж чадахгүй байгаа ч гэсэн холбоотой байдаг. Хамгийн сүүлд бид хоёр “ТВ9” телевизийн ойд урилгаар хамтдаа нэвтрүүлэгт оролцсон. Дахин дэлгэцээр хамтдаа гарахад их гоё байсан.

-Хүүхэд байхдаа нэлээд завгүй байсан байх. Яаж амжуулдаг байв?

-Хүүхэд байхад бид хоёр телевиз дээр л байж байдаг байлаа. Хичээл тараад л телевиз дээр очно. Тэгээд телевиз дээр зураг авалттай бол зураг авалтдаа орно. Зураг авалтгүй байсан ч гэсэн телевизийн студи дотор байж байдаг хоёр хүүхэд байсан. Зүгээр л телевиз дээр байж байгаа маань жаргалтай тийм л хүүхэд байлаа.

-Үргэлжлүүлээд Адтай жаалууд гэх кинонд тоглож байсан тийм үү?

-Манай “Адтай жаалууд” киног “Лоолойгийн найзууд”нэвтрүүлгийг хийдэг хамт олон маань хийсэн. Манай найруулагч, багш нар маань нийлээд хийсэн хүүхдийн анхны кино. Одоо манай нэвтрүүлгийнхэн маань буцаад уран бүтээл рүүгээ орохоор ажиллаж байна. Хөтлөгчийн хүүхдийн дугуйлангууд маань хичээллэх гэж байна. Шинээр хүүхдүүдэд зориулсан нэвтрүүлэг хийх гэж байна. Цаашдаа кино хийхээр яригдаж байгаа. Би өөрөө гардаж ажиллахгүй байгаа учраас тодорхой хэлж мэдэхгүй байна. Гэхдээ бүх юм шинээр эхэлж байгаа гэж ойлгож болно. Тэрэн дээр тухайн үед хамтдаа байсан найзууд маань хамтраад ажиллах байх гэж хувьдаа бодож байна.

-Одоо өөрийг тань харсан хүмүүс ямар сэтгэгдэл хэлж байх юм?

-Фэйсбүүк дээр “Нөгөө Б.Ариунгуа нь ийм болжээ, Шинээ ийм болжээ” гээд зурагтай постууд хэд хэд ордог. Одоо үйл ажиллагаа маань буцаад эхлэхээр бүр илүү хүмүүст хүрээд эхэлж байна л даа. Хүмүүсийн хандлага янз бүр байсан. “Энэ Шинээ хэвээрээ байна”, эсвэл “Нэлээд өөрчлөгдсөн байна” гээд л. Ер нь ихэнх нь намайг өөрчлөгдсөн гэж харж байгаа. Гэхдээ угаасаа өөрчлөгдөхөөс өөр аргагүй шүү дээ. 20 жил болчихсон нэвтрүүлэг, 15 жил болчихсон кино учраас тухайн үеэсээ мэдээж өөрчлөгдсөн байгаа. “Танигдахааргүй болчихсон байна” гэсэн сэтгэгдлүүд нэлээд их ирсэн.

-Олон жилийн дараа эргээд зурагтаар гарч, камертай харьцах ямао байна?

-Манайхан сүүлд алхалт хийгээд явсан шүү дээ. Тэр үед гэнэт камер ороод ирсэн чинь жаахан сандарсан. Камертай харилцах, хөтлөлт хийх ажлаа хийхгүй байж байгаад гэнэт камерын өмнө гарсан чинь сандарч балмагдсан. Тэгээд “Би ч бас л холдчихсон байна шүү” гэж өөрийгөө мэдэрсэн. Одоо үргэлжлүүлээд явах юм бол илүү сайжрах байх гэж бодож байна. Монголоор удаан яриад, хүмүүстэй харьцаагүй байсан болоод ч тэр юм уу заримдаа үгийн сонголт маань сонин ч байсан байж магадгүй.

-Солонгост 10-аад жил сурсан шүү дээ. Ямар чиглэлээр сураад ирэв?

-Бүрэн дунд сургуульдаа манай нэвтрүүлгийн найзууд маань бүгдээрээ “Хүрээ тулга” сургуульд сурч байсан. Улмаар“Хүрээ тулга” сургуулийн урилгаар биднийг Солонгос Улс руу их сургуульд сургахаар болсон. Тэндээ хэлний бэлтгэлдээ сурсны дараачаар ерөөсөө л медиа энэ чиглэлээр солонгосын хөгжингүй зах зээлээс суралцахаар шийдсэн. Бага байхад манай телевизийнхэн долоо хоног болгон хурлаа хийдэг. Тэрийг харахаар л надад яагаад ч юм гоё байдаг байсан. Хүүхэд байсан болохоор тэр хуралд би нэг их оролцдоггүй л байсан л даа. Гэхдээ л бүгдээрээ хуралдаад тухайн долоо хоногийнхоо ажлыг дүгнээд, төлөвлөж байгаа нь их гоё санагддаг байсан. “Би яг ийм хуралд ордог ийм хүн болох юм сан. Телевизэд ажиллах юмсан” гэж бодсоор байгаад яг энэ чиглэлээрээ үргэлжлүүлээд сурсан гэж болно.

-Ойрын хугацаанд төлөвлөсөн ажил бий юу?

-Яг одоогоор бол “Би тийм ажил дээр очоод тийм юм хийнэ” гэж тодорхой хэлж мэдэхгүй байна. Сурсан онолынхоо зүйлсийг практик дээр монголдоо хэрэгжүүлж, мэдлэгээ улам баталгаажуулах хүсэлтэй байгаа. Туршлагажиж, монголд яг юу хэрэгтэй байгааг мэдэрчхээд үргэлжлүүлж сурах бодол байгаа. Хүүхэд байхаасаа хөтлөгч, жүжигчин хийснээрээ олон давуу талтай болсон байх гэж боддог. Яагаад гэвэл нэгдүгээрт олон хүнтэй харьцаад сурчихсан байна. Олон хүмүүс таньдаг болчихсон байна. Одоо ажил дээр гарахад энэ маань давуу тал болоод эхэлнэ шүү дээ. Ажил дээр гараад хүмүүстэй харьцахад арай дөхөм, амар байх болов уу гэж хувьдаа жаахан хүлээлт үүсгэчихсэн байгаа. Багаасаа ажиллаад явчихсан болохоор ажлын ачаалал даах, бусдаас үг сонсох, бие даах чадвар, шийдвэр гаргах чадвар гээд нэлээд их хөгжсөн байдаг болов уу гэж хувьдаа бодсон. Солонгост очоод ч үүнийг мэдэрсэн. Тухайн үед хамт байсан хүүхдүүдтэйгээ харьцуулахад юмыг арай өөрөөр харах, бусдын үгийг хүлээн авах, ажлын ачаалал даах гээд л давуу талууд маань харагдсан гэж боддог. Би солонгост хүнд ажил хийгээгүй л дээ. Гэхдээ харьцангуй шантрахгүй тууштай байсан минь хүүхэд настай миньхолбоотой болов уу гэж би бодож байгаа.

-Тухайн үедээ хэцүү зүйл байсан болов уу?

-Багаасаа энэ замаар явсны хэцүү юм нь гэх юм бол цаг наргүй байсан маань л тухайн үедээ хүндрэлтэй байсан байж магадгүй юм. Хичээлээ жаахан орхигдуулах гээд байсан гэх мэт асуудлууд л байсан байх. Намайг хөтлөгч хийдэг байсан тухайн үед бид нар телевизээр гарахаас өөр юмгүй байлаа шүү дээ. Телевизэд хөтлөгч хийж байж л бид нар олонд хүрдэг байлаа. Одоо чинь сошиал орчин хөгжчихсөн би өөрийнхөө утасны камераар ч “Юүтүб” дээр телевиз хийгээд явах бүрэн боломжтой. Тийм болохоор хүүхдүүд хэзээд, хаана ч өөрийгөө илэрхийлээд, өөрийнхөө авьяас чадварыг нээгээд, хөгжүүлээд олонтой харьцаад явах бүрэн боломжтой орчин нээгдчихсэн байна. Тэгэхээр хүүхдүүд маань үнэхээр хүсэж байгаа бол зүгээр хийгээд үзээрэй. Зориглоод үзээрэй. “Юүтүб” дээр, студи дээр, сошиал орчин дээр гээд юу ч байж болно. Чи хиймээр байгаа зүйлээ хийгээд үз. Хүмүүс яаж хүлээж авахыг бол мэдэхгүй. Гэхдээ чи өөрөө хүсэж байгаа бол зүгээр л тэр зүйлээ хийгээд үзээрэй л гэж хэлмээр байна. Бусдын үнэлгээ яаж ч ирсэн бай тэр чинь олон нийтэд хүрсэн үнэлгээ гэдэг утгаар хараарай. Сөрөг сэтгэгдлүүд ирснээр өөрийгөө буруутгаж бодох нь анх удаа хийж байгаа хүүхдүүдэд хэцүү л байна байх. Тэрийг давах сэтгэл зүйтэй байсан нь зөв байх аа гэж бодож байна.