СУРВАЛЖИЛГА: Булганынхан айргаар, Баянхонгорынхон модон эдлэлээр, Дарханыхан зөгийн балны брендээрээ “Намрын ногоон өдрүүд”-ийг "гоёжээ"

СУРВАЛЖИЛГА: Булганынхан айргаар, Баянхонгорынхон модон эдлэлээр, Дарханыхан зөгийн балны брендээрээ “Намрын ногоон өдрүүд”-ийг "гоёжээ"

“Намрын ногоон өдрүүд-үндэсний үйлдвэрлэл 2025” үзэсгэлэн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэнд есдүгээр сарын 22-28-ны өдрүүдэд болж байна. Энэхүү үзэсгэлэнд 21 аймаг болон Улаанбаатар хот дахь Үндэсний үйлдвэр эрхлэгчид, тариаланчид оролцож буй. Уг үйл явдлыг сурвалжлахаар биднийг Төв цэнгэлдэх хүрээлэнд очиход иргэд бужигнаж, үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдээхүүнүүд ч эрэлттэй байгаа нь харагдана. Тэднээс бид онцлох дараах гурван үйлдвэр эрхлэгчтэй ярилцлаа.

ВИДЕО:

Баянхонгор аймгийн Богд сумын харьяат Ж.Дуламбазарын хувьд модны ур, үндсийг ашиглаж, олон төрлийн эд зүйл хийдэг нь иргэдийн анхаарлыг татаж, түүнийг тойрч бүчсэн хүмүүс олон байлаа. Тэр дундуур бид хэсэгхэн хугацаанд ярилцсан юм. Баянхонгор аймгийн Богд сумын харьяат Ж.Дуламбазар, “Миний хувьд нэлээд олон жил модны ур, үндэс, байгалийн чулуугаар юм хийж байна. Өнөөдөр гурав дахь өдрөө зогсож байгаа. Хүмүүс их сонирхож авч байна. Ур, үндсээр юм урлах нь энгийн банзаар юм хийхээс өөр. Хугацаа их орно. Зүгээр нэг модыг ухаад хаях бус хатааж, тосонд шингээж, заримыг нь жилийн дараа л бэлэн болгодог. Үгүй бол хүмүүсийн авсан юм нь хагарч цуураад байвал авах хүн олдохгүй шүү дээ. Их чанартай байдаг учраас хүмүүс их сонирхож авдаг даа. Миний хувьд энд тэнд явж байхдаа говийн чулуу их түүдэг. Хөөрөг хийдэг чулуу буюу мана манай аймагт элбэг.

Гэхдээ чулуу авна гээд газар газар ухаад байхгүй шүү дээ. Ил байгааг нь л авна. Зарим хүмүүс гүн рүү нь орж түүж авдаг л гэдэг. Тэр бол байгалиа сүйтгэх дэмий зүйл. Үерт урсаж, ил гарсан зүйлийг л би авдаг. Ер нь би ургаа модноос ч юм авдаггүй. Дандаа хаягдал юмыг л авдаг. Миний хийсэн ширээ гэхэд л өнхөрч унасан хар модоор хийсэн юм. Хийж байгаа моднууд маань ихэнх нь тоорой, сухай, улиангар, хайлаас зэрэг говийн моднуудыг ашигладаг. Ер нь байгалиа цэвэрлэдэг л хүн шүү дээ. Хүнсний хэрэглээнд ашиглаэх учраас янз бүрийн лак хэрэглэдэггүй. Модны үндэс дандаа дугуй ширхэгтэй байдаг. Энгийн мод бол эгц шулуун ширхэгтэй. Дугуй ширхэгтэй байдаг учраас аяга, бусад янз бүрийн зүйл хийхэд удаан эдэлгээтэй. Хэрвээ банзаар аяга хийчихвэл удаан тэсэхгүй шүү дээ. Тэгээд бараг жил шахуу хатаадаг. Мөн миний хувьд аливаа зүйл хийхдээ байгалийн унаган төрхийг нь алдагдуулахгүй хийхийг хичээдэг. Хэт хичээгээд хийчихвэл хиймэл юм шиг болчихно” гэсэн юм.

Мөн бид Дархан-Уул аймгаас Намрын ногоон өдрүүдэд гурав дахь жилдээ оролцож буй үйлдвэр эрхлэгч Б.Ононтой ярилцлаа. Тэдний хувьд зөгийгөөс гарч болох бүхий л ашигтай зүйлийг гарган авч, иргэдийн гарт хүргэж байагаа аж.

Тэрбээр, “Манайх гурван төрлийн зөгийн балтай ирсэн. Бас зөгийн балаа үүртэй нь зарж байгаа. Үүнийг бохь шиг зажилж хэрэглэвэл улаан хоолойн үрэвсэл, хоолойны анген, хелико бактерийг устгадаг. Бид дэлгүүрээс бохь авч зажлахын оронд үүнийг зажлах юм бол амны хөндийгөө цэвэрлэж байна гэсэн үг. Мөн зөгийн жилийг нь ходоодны үрэвсэл, уушгины сүрьеэ, ходоодны шарханд хандалж уудаг юм. Байгалийн антибиоток ч гэж ярьдаг. Мөн цэцгийн тос зарж байна. Шар буудай шиг харагдаж байгаа ч амсаад үзэхээр гурил шиг аргуу, тэгсэн мөртлөө чихэрлэг байдаг. Энэ нь дархлаа сайжруулж, цусан дахь сахарын хэмжээг бууруулж, тамир тэнхээ оруулдаг. Бас бид зөгийн үүрнийхээ лавыг хайлуулаад лаа хийсэн байгаа. Бактерийг устгадаг шидтэй. Лаа угаас анх зөгийн балнаас үүссэн байдаг” гэв.

Үүний дараа бид айргаа борлуулж буй Булган аймгийн Сайхан сумын нэгдүгээр бригадын малчин С.Жавхлантай ярилцлаа. Сайхан сум угаас айргаараа алдартай. Тэр дундаа одоог хүртэл хөхүүрэндээ айргаа хийж исгэдэг, хөхүүрээ өөрсдөө урладаг хөдөлмөрч хүмүүс. Малчин С.Жавхлан гуайн хийсэн хөхүүр олны нүдийг өөрийн эрхгүй татна. Гэвч тэрбээр хөхүүр хийж зардаг хүн биш. Эгэл даруухнаар, “Манай сумын ихэнх малчид хөхүүрээ өөрсдөө хийчихдэг” хэмээн ярьж зогсоо нь бахархмаар.

Булган аймгийн Сайхан сумын малчин С.Жавхлан, “Манай нутагт дөрвөн түмэн адууны баяр болсон юм. Түүнийг бэлгэдэж дөрвөн толгойт буюу хөхүүрэндээ морины дөрвөн толгой сийлж хийсэн. Миний хувьд адуугаа маллаж амьдардаг учраас төсөөлж байгаад л сийлбэрээ хийчхэж байгаа юм л даа. Хөдөөнийхөн чинь өөрсдөө ч морио ингээд сийлчих байх л гэж боддог шүү дээ. Хөхүүрийн айраг халуун хүйтнийг даадаг гэж ярьдаг.

Өөрөөр хэлбэл хүйтэн үед нь халж, халуун үед нь хөрчихдөг учраас айрагны чанар муудахгүй, исэлт сайн байдаг юм. Агаарын солилцоо хийгээд байна л гэсэн үг шүү дээ. Булганы Сайханы айргийг дээр үеэс исгэх журам нь ондоо байсан юм шиг байна лээ. Исгэж байгаа айргаа адууны нуруун дээр авч явж исгэдэг байсан гэсэн. Тэр үе нь нэг хэсэг алдагдаад байсан бол одооноос эргээд хөрөнгөө тэгж исгэж хийдэг болсон. Манай сумынхан ер нь ихэнх нь хөхүүрээ өөрсдөө хийдэг шүү” гэсэн юм.