О.Хасбилэг: Өөрийнхөө зохион бүтээсэн цахилгаан дугуйгаар Хөвсгөл аймаг хүртэл 1100 км газар аялсан. Цаашид машин зохион бүтээх төлөвлөгөөтэй байгаа

О.Хасбилэг: Өөрийнхөө зохион бүтээсэн цахилгаан дугуйгаар Хөвсгөл аймаг хүртэл 1100 км газар аялсан. Цаашид машин зохион бүтээх төлөвлөгөөтэй байгаа

Ирээдүйд инженер мэргэжил эзэмшиж, шинэ содон зүйлс зохион бүтээж, эх орноо хөгжүүлэх дэврүүн их мөрөөдөлтэй “Шинэ эрин” олон улсын сургуулийн 11-р ангийн сурагч О.Хасбилэгтэй ярилцлаа. Тэрбээр өөрийн зохион бүтээсэн цахилгаан дугуйгаар Улаанбаатар хотоос Хөвсгөл аймаг хүртэл 1000 гаруй километр аялаад ирсэн юм.

ВИДЕО:

-1000 ГАРУЙ КИЛОМЕТР АЯЛЖ ИРЭЭД ДУГУЙГАА ХАРААД ХАЙРЛАХ СЭТГЭЛ ТӨРСӨН- 

-Аян замдаа сайн явж ирсэн үү? Аяллын сонин сайхнаас яриагаа эхэлье?

-Энэ аялал бол үнэхээр онцгой мэдрэмж төрүүллээ. Өөрийн зохион бүтээсэн дугуйгаар 1000 гаруй километр замыг туулж ирээд дугуйгаа хараад өрөвдөж, хайрлах мэдрэмж төрж байсан. Энэ удаагийн аяллаар маш олон хүнтэй танилцаж, арвин дурсамж бүтээгээд ирлээ.

-Дугуй зохион бүтээх санаа хэзээ орж ирсэн бэ, Чиний зохион бүтээсэн дугуйны онцлог юу байна?

-Дугуй хийхэд хэрэгтэй байсан түүхий эд Монголд олдохгүй байсан. Иймд бүгдийг нь Хятад улсаас захиалсан. Улмаар өнгөрсөн дөрөвдүгээр сард түүхий эд, материалууд ирээд таван сард угсарч дууссан. Энэ удаагийн аялалд зориулж цахилгаан дугуйндаа нарны панель тавьсан. Нар бол өөрөө нөхөн сэргээгдэх эрчим хүч. Тийм болохоор нар л байвал дугуй маань яваад л байна гэсэн үг. Намхан байх тусмаа гоё байх мэт санагдаад суудлыг нь жирийн дугуйнуудаас доор шийдэж өгсөн. Энэ бол хуучин мопедыг задалж, арын хөдөлгүүр болон дугуйг нь авч дахин шинээр угсарсан.

-Дугуйгаа зохион бүтээгээд яагаад заавал Хөвсгөл аймаг явахаар шийдсэн бэ?

-Би хугацаанд баригдсан гэх үү дээ. Наймдугаар сарын 1-ээс өмнө аялаад ирэх шаардлагатай байсан. Өдөрт явах километрээ аялах боломжит өдөртөө хувааж үзэхэд Хөвсгөл аймаг хамгийн боломжит хувилбар байсан. Би өмнө нь 2019 онд явж байсан. Тухайн үед дүү болон аавтайгаа явган аялал хийж байсан юм. Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумаас Хатгал хүртэл тав хоног алхаж байсан.

-Зам хэр байв? Дугуй нь саатаж, гэмтэл гарсан уу?

-Дархан-Уул аймаг хүртэл зам гоё байсан. Тэгээд цаашаа Хатгал хүртэл зам хэцүү болж эхэлсэн. Жанхай хүртэл харин шороон зам бол ойлгомжтой амархан байгаагүй. Дугуй маань саатгаж, эвдрээгүй. Сайхан аялаад ирлээ.

-ДАРАА ЦАХИЛГААН МАШИН ХИЙГЭЭД ААВТАЙГАА АЛТАЙ ТАВАН БОГД АЯЛНА-

-Эхний цахилгаан дугуй хийсэн байна. Дараагийн зорилго юу вэ?

-Саяны явсан аяллаас юуг засварлах, шинэчлэх шаардлагатай байгааг анзаарсан. Тийм учир энэ дугуйгаа засварлачхаад дараагийн удаа дөрвөн дугуйтай цахилгаан машин зохион бүтээх төлөвлөгөөтэй байна. Нэг цэнэглэлтээр 200-300 километр явчихдаг машин хийх бодол бий. Машинаа хийчих юм бол аавтайгаа хамт Баян-Өлгий аймгийн Алтай Таван Богд Руу явах хүсэл байна. Таван Богд амаргүй байх нь ойлгомжтой. Их ур чадвар шаардах байх.

-Ганцаараа явах ямар байсан бэ?

-Хүмүүс надаас их айсан уу гэх асуултыг тавьж байсан. Юунаасаа айх билээ. Ганц байсан айдас бол шөнийн цагаар орон нутгийн замд зорчих байлаа. Гэхдээ би шөнийн цагаар замын хөдөлгөөнд оролцоогүй. Орой долоон цаг гээд л буудаллах газраа буудаллаж амардаг байсан. Майхан, хоол хүнсээ бүгдийг нь бэлдээд явсан.

-ДУГУЙ УГСРАХААС ЭХЛЭЭД БҮХ ҮЕД ААВ МААНЬ ДЭМЖСЭН-

-Анх Хөвсгөл явна гэх үед гэр бүл нь хэрхэн хүлээж авсан бэ?

-Манай аав үргэлж дэмждэг. Өөрөө явган аялал, үүргэвчтэй аялал, экстрем зүйлд дуртай хүн байдаг. Өвлийн хүйтэнд ч хүртэл дугуйн аялал хийгээд явчихдаг. Маш эв дүйтэй олон зүйлд сонирхолтой хүн. Аавыгаа л харж техникт сонирхолтой болсон. Энэ дугуйг босгох бүх зардал, зөвлөгөөг аав өгсөн. Дугуйгаа угсарчхаад Хөвсгөл явлаа гэхэд аав надад зориулж, аяллын төлөвлөгөө гаргаж өгсөн. Буцаад ирэхэд манай гэрийнхэн гэж санасан хүмүүс л угтсан.

-Ганцаараа олон хоног аялах үед юу бодогддог бол

-Эр хүний жаргал эзгүй хээр гээл ганцаараа хээр хоноод л явчихсан. Ганцаараа явах чинь л эзгүй хээр юм билээ. Аялагчид, нутгийн иргэд гээд маш олон хүн таньдаг болчихсон байсан. Хүмүүс маш их дэмжиж урам хайрласан. Гэртэй, буудалдаа хонуулсан дэмжсэн бүх хүмүүст маш их баярлалаа.