УИХ тамхины бүлэглэлийн лоббид автахгүй гэж найдъя

УИХ тамхины бүлэглэлийн лоббид автахгүй гэж найдъя

Утаат тамхи үйлдвэрлэгч, импортлогчдын лобби УИХ-д хүрснийг илтгэх үйл явц хүчтэй өрнөж байна. Удахгүй “БЭТ”-үүд нь Тамхины хяналтын тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/ -ийг УИХ-д өргөн мэдүүлж, уг төслийг батлуулах лоббигоо үргэлжлүүлнэ. Хөрс суурийг нь ч сайтар бэлтгэсэн.

Уг нь утаат тамхи, электрон тамхи хоёулаа хортойг хууль санаачлагчид мэдэхийн дээдээр мэдэж буй. Гэвч зөвхөн электрон тамхи л хортой юм шиг лоббиг хүчтэй хийж, тархи угааж байгаагийн цаана янжуур тамхийг бүх талаар хамгаалж үлдэх зохицуулалтыг хуулийн төсөлдөө тусгасан нь мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж эхлээд байна. Учир нь, тэд утаат тамхины утаат гэдэг тодорхойлолтыг хуулиас авхуулж утга санааг нь алдагдуулах зохион байгуулалттай ажлыг хүртэл хийсэн байдаг.

Угтаа янжуур тамхийг хүн татах үед утааг нь сорж уушгилдаг, энэ шаталтын үед хорт хавдар үүсгэх бохь буюу тар хүний биед үлддэг.  Энэ нь аажмаар хорт хавдар үүсгэгч гол хүчин зүйл болдог болохыг эрдэмтэн судлаачид олон жилийн давтамжтай судалгаагаар тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл, никотин донтолт бий болгодог болохоос биш хорт хавдар үүсгэгч эх суурь болдоггүй гэсэн үг.

Гэтэл янжуур тамхины  “БЭТ”-үүд электрон тамхинд никотин өндөр тунгаар агуулагддаг нь хорт хавдар үүсгэх, цаашлаад ой санамжийг устгадаг гэх логикгүй зүйлийг ярьж, тархи угааж байгаа нь ямар ч үнээр хамаагүй утаат тамхийг хамгаалж, хуулийн зохицуултгүй үлдээх сонирхол агуулж байна гэж хардах үндэслэл гарч ирж буй.

Учир нь, электрон тамхины 1 мл шингэнд агуулагдах никотины агууламж 3 мг, нэг ширхэг янжуур тамхинд агуулагдах никотины хэмжээ 0,10 мг бол нэг хайрцаг буюу 20 ширхэг янжуур тамхинд 15-20 мг никотин агуулагдаж байгаа юм. Энэ тооцооноос хамгийн их донтуулах эрсдэл  өндөртэйд нь янжуур тамхи орж буй. Тиймээс хууль санаачлагчид төсөлдөө “хайрцаг тамхины никотины хэмжээг 5-7 мг-аас” ихгүй гэж оруулах ёстой байтал хуульчилахгүй байгаа нь утаат тамхи үйлдвэрлэгч, импортлогчид УИХ-д “БЭТ”-тэй болсон гэх дуулианд итгэхгүй байх аргагүй болгож буй.

Нөгөө талдаа Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлгийг хангалтгүй хийсэн атлаа яаран сандран төслийг УИХ-д өргөн мэдүүлж, батлуулах лоббиг хүчтэй хийж эхэлсэн нь эргээд нийгэмд олон үр дагавар дагуулах эрсдэлтэй.

Учир нь, УИХ-аас 2015 онд Тамхины хяналтын тухай хуулийн төслийг баталж байх үед сургууль, цэцэрлэгээс 500 м зайд тамхи зарж, татдаг болох нь хүүхдээ хамгаалах зохицуулалт гэж сурталчлан, таниулсан ч харин ч энэ төрлийн худалдаа далд байдалд орж, далд эдийн засагч цэцэглэсэн.  Тиймээс энэ алдааг давтахгүйн тулд давхар янжуур тамхины асуудлыг ч орхигдуулж болохгүйг, тэр дундаа хор хөнөөл нь утаат тамхинаас ч өндөр аюултайг бодолцож, бүх талын зохицуулалтыг сайтар тусгах шаардлагатай. Тэгж байж үр хүүхдүүдээ тамхи гэгч чимээгүй тахлаас сэргийлж чадна.

Зөвхөн электрон тамхи л аюултай гэх суртал ухуулгын цаана зөвхөн янжуур тамхи хэрэглэгч иргэд болж үлдэх аюул тосож байгааг УИХ анхааралдаа авна уу.

Янжуур тамхины бүлэглэлийн лобби анх аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хүрснээр нутаг дэвсгэртээ электрон тамхийг хориглох шийдвэр гаргуулж байсныг олон нийт санах нь лайвтай. Анхны шийдвэрийг 2024 оны арванхоёрдугаар сард нийслэлийн Засаг дарга гаргаж, энэ асуудлыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг хариуцан ажиллаж байв. Харин одоо тэрбээр УИХ-ын гишүүн болсон бөгөөд янжуур тамхийг бүхий л талаар хамгаалах ажлын хэсгийг ахласан гишүүний нэг.

Гэвч захирамжийг дагаж энэ хугацаанд электрон тамхины ч утаат тамхины ч хэрэглээ саараагүй.  Харин ч сөрөг үр дагавар дагуулсан мэдээллүүд хөвөрч буй.

Бодит байдал ийм байхад электрон тамхинд тавих татварыг өндөр тогтоох, амтыг хорих нь зөв гэсэн ганц өнцөг барин муйхарлах нь янжуурын бүлэглэл төрд ямар хүчтэй байгааг Тамхины хяналтын тухай хуулийн /шинэчилсэн найруулга/төслөөс харж болохоор байна.

Уг нь утаат тамхи нь электрон тамхинаасаа илүү хоруу чанар өндөр гэдгийг эрдэмтэн судлаачид судалгаагаараа нотолчихсон, мөн 2021 онд Эрүүл мэндийн сайд нь утаат тамхийг 21 мянган хүүхэд хэрэглэж байна гэдэг судалгааг танилцуулсан атал өнгөрсөн хугацаанд янжуур тамхины хор хөнөөлийг ард иргэдэд ойлгуулж, хэрэглээг бууруулах талын сурталчилгааг огт хийгээгүй, зөвхөн вэйп л үхэх аюултай гэдэг PR –ыг хууль тогтоогч нар нь хүртэл хийсээр байгаа нь Монголд янжуур тамхины бүлэглэл ямар хүчтэй явааг илэрхийлсэн үйлдэл болов уу.

Уг нь хүүхдээ энэ аюулаас хамгаалъя гэвэл зөв шийдэл олон бий.

  1. Талуудын оролцоотой хяналт /худалдааны нэгж, эцэг эх, цагдаа/
  2. Иргэнийн үнэмлэхээр худалдаа хийж хэвшүүлэх
  3. Камержуулалт
  4. Сургалт,
  5. Импортлогчдын хариуцлага
  6. Ил тод байх, хариуцлага өндөр хүлээлгэх асуудалаар шийдвэрлэх боломж байгаа

Гэвч шийдэл хайхаас илүү зөвхөн утаат тамхины бизнесийг саадгүй явуулах зорилго дор электрон тамхины амтыг хорих, никоинийг хязгаарлах, татварыг өндөр тогтоох зэрэг зохицуулалтыг Тамхины хяналтын тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ төсөлд тусгасан нь алсдаа аюул дагуулж мэдэхээр байна. Учир нь, электрон тамхины амтыг хориглох нь чанаргүй бүтээгдэхүүн зах зээлд орж ирэх, хар зах зээл бий болох хил дамнасан хууль бус наймаа цэцэглэх зэрэг сөрөг үр дагавар бий болгох эрсдэл өндөр байгаа юм. Иймээс асуудлыг ул суурьтай харж, тамхины хил дамнасан хууль бус наймаа цэцэглэх хөрс суурийг бэлдэхгүйн тулд УИХ  Тамхины хяналтын тухай хуулийн төсөл/шинэчилсэн найруулга/ -д янжуур тамхины бүлэглэлээс хийж буй лоббид автахгүй байх хариуцлагатай цаг ирж байна.