Боловсролын сайд П.Наранбаяр их, дээд сургуулийн хичээлийг есдүгээр сарын 15-наас эхлүүлэх чиглэл өгчээ

Боловсролын сайд П.Наранбаяр их, дээд сургуулийн хичээлийг есдүгээр сарын 15-наас эхлүүлэх чиглэл өгчээ

Боловсролын яамнаас 2026-2027 оны хичээлийн жилээс эхлэн их, дээд сургуулийн хичээлийг аравдугаар сарын 1-нээс эхлүүлэх боломжийг судлан, холбогдох сургуулиудаас санал авчээ.

Санал асуулгын дүнгээр төрийн өмчийн их, дээд сургуулиудын 17 буюу 94.4 хувь нь аравдугаар сарын 1-нээс хичээл эхлүүлэх боломжтой гэж үзсэн байна. Харин Дотоод хэргийн их сургууль сургалтын үйл ажиллагааны онцлогоос шалтгаалан боломжгүй гэсэн санал ирүүлжээ. Хувийн их, дээд сургуулиудын хувьд 33 буюу 70.2 хувь нь боломжтой, 12 буюу 25.5 хувь нь боломжгүй, хоёр буюу 4.3 хувь нь санал ирүүлээгүй гэсэн дүн гарсан байна. Энэхүү судалгааны дүнг үндэслэн Боловсролын сайд П.Наранбаяр их, дээд сургуулиудын удирдлагуудад ирэх хичээлийн жилийг есдүгээр сарын 15-наас эхлүүлэх чиглэл өгчээ. Дээд боловсролын тухай хуулийн дагуу их, дээд сургуулиуд сургалтын хөтөлбөрөө өөрсдөө баталж, хичээлийн жилийн эхлэх хугацааг сургалтын онцлогт нийцүүлэн тогтоох эрхтэй бөгөөд сургалтын үйл ажиллагааг бие даан зохион байгуулах боломжтой байдаг. Их, дээд сургуулийн хичээлийн жилийн эхлэх хугацааг өөрчлөх асуудлыг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль болон дээд боловсролын байгууллагуудын хичээл нэгэн зэрэг эхлэхээс үүдэн эцэг, эхчүүдэд үүсдэг санхүү, цаг хугацааны ачааллыг бууруулах зорилгоор судалсан байна. Мөн Монгол орны байгаль, цаг уурын нөхцөл, хүн амын амьдралын хэв маяг, уламжлалт ахуй соёлын онцлогийг харгалзан үзжээ. Тухайлбал, намрын улиралд өрнөдөг ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэх, өвлийн бэлтгэл хангах зэрэг ажил болон мал аж ахуйд тулгуурласан өрхийн хөдөлмөрийн онцлогтой уялдуулах нь нийгэм, эдийн засгийн хувьд ач холбогдолтой гэж үзсэн байна.




Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө