Хууль зүйн сайд Б.Энхбаяр өнгөрсөн оны есдүгээр сард NTV телевизийн нэвтрүүлэгт орох үеэр "Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ болон түүний ах "Hero" Б.Баатар нар “Гэрэгэ Тауэр”-ын 14, 15 давхрыг дээрэмдэж авсан" гэх утгатай мэдээллийг өгсөн байдаг.
Мөн тэрбээр энэ сарын 12-ны /2026.03.12/ өдөр Завхан аймагт иргэдтэй уулзах үеэрээ "Л.Оюун-Эрдэнэ "Гэрэгэ тауэр"-ын 14, 15 давхартай холбоотой дээрэм хийсэн. Дээрмээ хийхийн тулд н.Хишигбаяр гэх залууг хориод, эхнэрт нь давхар хэрэг үүсгэсэн. Эхнэр нь МАН-аас жагсаалтаар нэр дэвшсэн н.Нандин-Эрдэнэ гэх эмэгтэй юм билээ" гэдгийг дахин онцолсон.
ВИДЕО:
Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын удаа дараа онцлон мэдэгдээд буй Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэтэй холбоотой хүмүүс "Гэрэгэ тауэр"-ын 14, 15 давхрыг өөрсдийн болгохын тулд чухам хэнийг, ямар хэрэгт холбогдуулж байв гэдэг нь анхаарал татаж байгаа юм.
-А.АМУНДРА НАРТ "ГЭРЭГЭ ТАУЭР"-ЫН 14 ДАВХАРЫГ ТҮРЭЭСЛЭХ БАЙДЛААР ХАРИЛЦАЖ БАЙСАН ХҮМҮҮС ТЭДНИЙ ХООРОНД ҮҮССЭН МАРГААНЫ ДАРААХАН ХЭРЭГТ ХОЛБОГДЖЭЭ-
Эх сурвалжийн мэдээлж буйгаар "Гэрэгэ тауэр"-ын 15 давхрыг "Херо энтертайнмет" худалдан авч, үйл ажиллагаагаа явуулж байжээ. Харин олны анхаарлыг татаад буй 14 давхарт нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр ажиллаж байсан А.Амундра оффислон, үйл ажиллагаа явуулж байсан аж.
Үүнээс үзвэл бусдыг цагдан хорьж, хэрэгт холбогдуулан шалгуулж байгаад өөрийн болгосон гэх "Гэрэгэ тауэр"-ын 14 давхрыг магадгүй А.Амундра авсан байх талтай байна.
Тэгвэл А.Амундра нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын хэлсэнчлэн н.Хишигбаяр, Б.Нандин-Эрдэнэ нарыг цагдан хориулж, хэрэгт холбогдуулан шалгуулж байгаад тус оффисыг өөрийн болгосон уу, уг асуудалд нь хууль хяналтын байгууллагынхан холбоотой юу гэдэг асуулт эндээс урган гарч байгаа юм. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар, А.Амундрагийн оффислож байсан 14 давхрыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын мэдээлэлд дурдагдсан н.Хишигбаярын төрсөн дүү банкны зээлээр худалдан авч, улмаар тухайн нэр бүхий хүмүүст түрээсэлж байсан гэх мэдээлэл байна. Гэвч тэд түрээсийн төлбөрөө олон сараар төлөхгүй "луу унжиж", улмаар маргаан үүсэх болсон гэдэг. Тухайн үед Т.Дүүрэн, н.Хишигбаяр нар А.Амундра нартай 14 давхрыг түрээслэх зэрэг харилцааг үүсгэж байсан аж.
-н.ХИШИГБАЯРЫГ 19 ХОНОГ ЦАГДАН ХОРЬСНЫ ДАРАА ТҮҮНИЙ ЭХНЭР БОЛОН ЭХНЭРИЙНХ НЬ АХЫГ ЯЛЛАГДАГЧААР ТАТЖЭЭ-
Гэтэл тус маргаан үүссэнтэй зэрэгцэн хуулийн байгууллагаас н.Хишигбаярыг “Гэрэгэ тауэр”-ыг барьсан "Герман стандарт”-ын хувьцаа эзэмшигч БОАЖ-ын сайд асан Н.Цэрэнбат, түүний зөвлөх Т.Дүүрэн нарын хэрэгт холбогдуулан шалгаж, улмаар 19 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
Тодруулбал, Н.Цэрэнбатыг БОАЖ-ын сайдаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрхий байдлаа урвуулан ашиглаж “Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийн лаг, хог хаягдлыг байгальд ээлтэй аргаар шатааж, устгах туршилтын төслийн хэрэгжүүлэх үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдан авах” 3.5 тэрбум төгрөгийн гэрээг хуульд заасан шаардлага нөхцөл хангахгүй ХБНГУ-ын нэгэн компанитай байгуулсан. Үүний улмаас Монгол Улсад 2.1 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж байсан аж.
Гэтэл уг хэрэгт өнөөх 14 давхрыг түрээслэх байдлаар А.Амундра нартай харилцаж, улмаар маргаан үүсгээд байсан Т.Дүүрэн, н.Хишигбаяр нарыг холбогдуулан шалгаж, улмаар 19 хоног цагдан хориод сулласан байгаа юм. Харин асуудал ингээд дуусаагүй байна. Учир нь н.Хишигбаярыг цагдан хориод суллахтай нь зэрэгцээд түүний эхнэр Б.Нандин-Эрдэнэ, түүний төрсөн ах Б.Насан-Эрдэнэ нарыг мөн яллагдагчаар татан, шалгаж эхэлжээ.
Ингэхдээ тэднийг Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-ын гүйцэтгэх захирал асан Т.Дүүрэнгийн койны гэх хэрэгт холбогдуулан шалгах болсон байдаг. Уг хэрэгт тэднийг Эрүүгийн хуулийн 22.12-1 дэх хэсэг буюу хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах, Эрүүгийн хуулийн 18.6-2.3 дахь хэсэг буюу мөнгө угаах гэсэн зүйл ангиар яллагдагчаар татан шалгаад, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Харин анхан болон давж заалдах шатны шүүх Т.Дүүрэн, Б.Нандин-Эрдэнэ, Б.Насан-Эрдэнэ нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаагаад байгаа юм. Товчхондоо, "Гэрэгэ тауэр"-ын 14 давхарыг А.Амундра нарт түрээслэх байдлаар харилцаж байгаад маргаан үүссэний дараа н.Хишигбаяр, Б.Нандин-Эрдэнэ нар нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын хэлсэнчлэн цагдан хоригдож, улмаар дээрх байдлаар хэрэгт холбогдсон байна.