У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах асуудал яригдсан даруйд ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ ӨРГӨН БАРЬСАН УЧИР ЮУ ВЭ

У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах асуудал яригдсан даруйд ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ ӨРГӨН БАРЬСАН УЧИР ЮУ ВЭ

ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРИХДАА ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОН АН-ТАЙ ЗӨВЛӨЛДӨӨГҮЙ

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг энэ сарын 6-ны өдөр /2016.06.06/ УИХ-д өргөн барьсан. Байнгын хороогоор Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх эсэхийг өнөөдрөөс хэлэлцэж эхэлнэ.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх эсэхийг шийдсэний дараа наадмын өмнө хоёрдугаар хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөж байна. Наадмын дараа гуравдугаар хэлэлцүүлэг рүү орох уу, ард түмний санал асуулгыг сонсох уу гэдгийг УИХ-аар хэлэлцэж байж шийднэ. Бүх зүйл УИХ-ын тогтоолоор хэрэгжинэ” гэж хэлсэн.

Тэгэхээр Үндсэн хуулийн өөрчлөлт ирэх аравдугаар сар хүртэл үргэлжилж мэдэх ерөнхий дүр зураг харагдаж байна. Гэтэл МАН-ын 62 гишүүний дэмжлэгээр УИХ-д өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг Ардчилсан нам нөгөө талд эсэргүүцээд эхэллээ. Тэд “Хулгай, авлига, худал амлалт дээд зэргээр бүрдсэн энэ УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах байтугай санаачлах ч эрхгүй. Тиймээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслөө татаж авахыг мэдэгдэж байна. Хэрвээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслөө татаж авахгүй бол тэмцлийн бүхий л хувилбараар эсэргүүцэх болно”  гэж мэдэгдэж байна.

Эрх баригчид эхнээсээ Үндсэн хуулийн өөрчлөлтийг өргөн барихдаа сөрөг хүчин болох Ардчилсан нам болон Ерөнхийлөгч Х.Баттулгатай зөвшилцөж санал аваагүй.

Тэд өргөн барьсан хойноо буюу өнгөрсөн амралтын өдөр АН-ын удирдлагуудтай уулзаж дээрх асуудлаар санал солилцсон байна. Мөн бямба гаригт төрийн гурван өндөрлөг уулзаж Үндсэн хуулийн өөрчлөлтөөр санал солилцсон байгаа юм. Ерөнхийлөгчийн нэг дургүйлхэж байгаа зүйл нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг боловсруулах шатандаа өөрөөс нь санал авч, зөвшилцөөгүйд бий.

ЦАГ ХУГАЦААНЫ ХУВЬД У.ХҮРЭЛСҮХИЙН ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХ ТОХИРОО БҮРДЭЭД БАЙВ

УИХ-д өргөн барьсан нь ч,  хэлэлцэхээр бэлтгэж байгаа нь ч МАН-ынхан нэг л яарсан шинжтэй. Тэд ингэж яарч буй нь НЭГ ТОМ ШАЛТГААНТАЙ АЖ.

Тодруулбал, хэдхэн хоногийн өмнө Засгийн газрыг огцруулах асуудлыг МАН дотор ярилцаж, ажил хэрэг болгохоор төлөвлөж байжээ. Эхлээд Ардчилсан нам У.Хүрэлсүхийн Засгийн газраас хариуцлага нэхэж, хэд хэдэн удаа жагсаал хүртэл зохион байгуулсан. Тэдэнтэй МАН-ын 27-ийн бүлэг нэгдэхээр бэлтгэж байсан гэх мэдээлэл байна.

Тэд нийлж саяхандаа У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөх байсан ч У.Хүрэлсүх сөрсөн үйлдэл буюу Үндсэн хуулийн өөрчлөлтийг өргөн барьж асуудлыг түр хойшлуулж чаджээ.

Учир нь Үндсэн хуулийг хэлэлцэх шатанд өөр ямар ч асуудлыг хэлэлцдэггүй дэгтэй. Тэгэхээр дэгийн дагуу Засгийн газрыг огцруулах асуудлыг өргөн бариад амжилт олохгүй, УИХ-аар хэлэлцэхгүй гэсэн үг.

Цаг хугацааны хувьд ч У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах ТОХИРОО бүрдээд байв. Засгийн газрын сайд нар нь Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан, 10 сая долларын авлигын хэрэгт нэр холбогдсон, дипломат албаныхан хар тамхины хэрэгт нэр холбогдож зарим нь харийн шоронд хоригдож байхад гадаад харилцаа хариуцсан сайднь өөрийгөө өмөөрсөн, Ц.Нямдорж, Н.Энхболд тэргүүтэй сайдууд хүүгээ гадны улсад суух элчин сайд, консулаар томилуулсан, Ч.Улаан сайд илт ашиг сонирхлын зөрчил гаргаж эхнэрийнхээ дүүгийн компанид малыг амьдаар нь экспортлох ашигтай ажлыг даалгасан, сүрьеэ өвчнөөр хүүхдүүд өвдсөн гээд Засгийн газрын сайд нарын балаг урт хөвөрнө. Тиймээс энэ асуудлаар сөрөг хүчин намынхантай нь нийлж Засгийн газрыг намнахаар болсноос урьдаж Үндсэн хуулийн өөрчлөлтийг өргөн барьсан байна.

Тиймээс ч У.Хүрэлсүх зальдаж танхимаа авч үлдэхийн тулд Үндсэн хуульд оруулах хуулийн яаран өргөн барилаа, Үндсэн хуулийг золиослолоо гэх шүүмжлэл нам дотор нь байна.