СУРВАЛЖИЛГА: Өлсгөлөн баавгай ичихгүй байх, хавар ичээнээс эрт гарах эрсдэлтэйг мэргэжилтнүүд анхааруулж байгаа тул өгөөш тавьж баавгайн амьд баригч торыг ашиглана

СУРВАЛЖИЛГА: Өлсгөлөн баавгай ичихгүй байх, хавар ичээнээс эрт гарах эрсдэлтэйг мэргэжилтнүүд анхааруулж байгаа тул өгөөш тавьж баавгайн амьд баригч торыг ашиглана

Баавгай иргэдийн суурьшлын бүс рүү орж байгаа тохиолдол энэ намар огцом өсөж, аюулыг дагуулсан. Идэш тэжээлийн дутагдалтай байгаа баавгайнууд өдийд иччихсэн байх ёстой ч зарим нь одоог хүртэл ичээндээ ороогүй айлын өвөлжөө зэргэээр үзэгдэж байгаа талаар иргэд болон холбогдох байгууллагаас мэдээлж байгаа. Тэгвэл мэргэжилтнүүдийн таамгалж байгаагаар ихэнх баавгай ичсэн бөгөөд зарим нь өлсгөлөн байгаагаасаа шалтгаалан ичихгүй яваад байна гэсэн юм. Харин ичээнд орсон баавгай идэш тэжээл дутуугаас шалтгаалан хангалттай тарга, тэвээргээ авч чадаагүй хавар эрт ичээнээсээ гарч айл руу болон айлын мал руу дайрах аюул байгаа учир баавгайн өгөөш тавьж, баавгайн амьд баригч торыг ашиглахаар болжээ.

ВИДЕО:

-АМЬД БАРИГЧ ТОРОНД СЭГ ЗЭМ, ӨМХИЙРСӨН МАХААР ӨГӨӨШ ТАВЬЖ БААВГАЙ ТОРОНД ОРСОН ДАРУЙД ХААЛГА ХААГДАЖ, ТҮГЖИГДЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖЭЭ-

Зарим жилүүдэд баавгай суурьшлын бүс рүү орж ирлээ гэх цөөхөн тохиолдол бүртгэгддэг ч энэ жилийнх шиг олноороо орж ирсэн тохиолдолд ховор байсан. Тийм ч учраас иргэд өөрсдийгөө хэрхэн хамгаалахаа мэдэхгүй, мэргэжлийн алба хаагчдад ч хэрэгтэй багаж, зэвсэг хангалтгүй байсан юм. Энэ талаар манай сайтын сурвалжлах баг өнгөрсөн есдүгээр сард Багануур дүүрэгт очиж, суурьшлын бүс рүү орж ирсэн бамбаруушийг зайнаас унтуулах буу зэрэг зүйлс байхгүйн улмаас бугуйлдаж, гараар тариа хийж унтуулж байгаа талаар мэдээлж байсан.

Тэгвэл холбогдох байгууллагууд баавгайн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор байгаль хамгаалагч нарт баавгайн цацлага, чимээ гаргаж үргээх төхөөрөмж болон баавгайн амьд баригч торыг тарааж байгаа аж. Тус торыг зузаан төмрөөр гагнаж хийсэн бөгөөд баавгайн идэх дуртай зүйлс буюу сэг зэм, өмхийрсөн махаар өгөөш тавьж, баавгай торонд орсон даруйд хаалга өөрөө хаагдахаар төлөвлөн хийсэн байна.  Тодруулбал, торны хаалгыг төмөр троссоор дээш сойж тэвхдэнэ. Тэвхэнд урт төмөр утас байх бөгөөд өгөөшинд тавьж буй зүйлээ тус төмөр утсаар баглаж, торны голд тавина. Баавгай торонд орж ирээд махнаас татахад тэвх мултарч торны хаалга хаагдаж, түгжигдэх аж.

-“ӨЛСӨЛӨН БААВГАЙ ХАВАР ЭРТ ИЧЭЭНЭЭСЭЭ ГАРАХ ЭРСДЭЛТЭЙ”-

Тус амьд баригчийн талаар Богдхан уулын байгаль хамгаалагч П.Мөнхтөр, “Энэ амьд баригч торыг саяхан хүлээн авсан. Энэ жилийн хувьд баавгай суурьшлын бүс рүү орж ирсэн тохиолдол маш их байсан нь идэш тэжээлийн хомсдолтой холбоотой гэж бодож байна. Манай Богдхан ууланд хэд хэдэн баавгайтай холбоотой дуудлага, мэдээлэл ирж байсан ч батлагдсан тохиолдол гараагүй. Тийм ч учраас амьд баригч торыг хавар тавихаар хүлээж байна. Торыг зузаан төмрөөр гагнаж хийсэн учраас ямар нэгэн байдлаар эвдэрнэ, гэмтэнэ гэсэн зүйл байхгүй юм байна лээ.

Өдийд баавгай иччихсэн байх ёстой. Гэхдээ захим өлссөн баавгай хангалттай өөхөн давхаргаа авч чадаагүй учраас ичиж чадахгүй байгаа шиг байна. Энэ жил хангалттай тарга, тэвээргэ авч ичсэн баавгай цөөхөн байгаа тул зарим нь ичээндээ өвлийн давалгүй хөлдөж үхэх байх хэмээн таамаглаж байна. Харин зарим баавгайнууд ичээнээсээ хавар эрт гарч, өлсгөлөн баавгайнууд дахиад л суурьшлын бүс рүү орох эсдэл маш өндөр байна. Иймд иргэд баавгай иччихсэн гэж огт тайвширч болохгүй. Хавар гуравдугаар сар орчимд ичээнээсээ гарч ирэх магадлалтай байгаа тул баавгайнаас өөрийгөө хэрхэн хамгаалах талаар бэлтгэлтэй байх хэрэгтэй” гэв.

-ИЧЭЭНД ОРООГҮЙ БААВГАЙ СУУРЬШЛЫН БҮСЭД ҮЗЭГДЭХ ТОХИОЛДОЛ ХЭВЭЭР БАЙНА-

Энэ сарын 19-20-ны хооронд 24 цагийн хугацаанд Монгол Улсын хэмжээнд 13 баавгайтай холбоотой дуудлага мэдээлэл бүртгэгдэж, дөрвөн баавгайг аюул учруулж болзошгүй хэмээн устгасан байна. Мөн энэ сарын 21-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн суманд айлын өвөлжөө рүү орсон баавгайг аюулгүй болгосон талаар манай сайт мэдээлж байсан.

Жишээ татаж, баавгайн дуудлага мэдээллийг харвал, 2026 оны 10 сарын 19-ний өдрийн 08:00 цагаас 2026 оны 10 сарын 20-ны өдрийн 08:00 цагийн хооронд Улсын хэмжээнд суурьшлын бүсэд айл өрхүүдийн ойролцоо орж ирсэн дөрвөн баавгайг аюулгүй болгож агнасан, хоёр баавгайг үргээж, суурьшлын бүсээс гаргаж мод руу явуулж, аюулгүй болгосон байна. Тодруулбал,

  • Хөвсгөл аймгийн Улаан-уул сумын Дөт гэх газар 1 ямаа, 1 хонь барьсан баавгайг,
  • Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Сулын ар гэх газар бавгай айлын мал руу дайрсан гэх баавгайг,
  • Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Шивэрт 1-р багийн Ар богоч нэртэй газарт баавгай малын сэгэн дээр байн, айлын мал руу дайрсан гэх яаралтай дуудлага мэдээллийн дагуу байгаль орчны 6 албан хаагч, 2 иргэн, 2 машинтай шуурхай баг ажиллаж, 20:06 цаг буудаж аюулгүй болгосон,
  • Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 2 дугаар баг “Хужиртын хонхор” гэх газарт /баавгай үзэгдсэн/ гэх дуудлага, мэдээллийн 2026 оны 10 дугаар сарын 19-ний 09:00 цагт хүлээн авч, Баянгол сумын шуурхай ажлын хэсэг 6 хүний бүрэлдэхүүнтэй баг 1 автомашинтай ажиллаж, сумын Онцгой комиссын шийдвэрийн дагуу 3 орчим настай 1 бодгаль Хүрэн баавгайг тус тус буудан устгаж, аюулгүй болгожээ.




Өнөөдөр үхэр өдөр

31 минутын өмнө