Тайландын нийслэл Бангкок хотын Суварнабхуми олон улсын нисэх буудалд Монгол Улсын 51 настай эмэгтэйг зорчигчийн эд зүйл хулгайлж байхад нь үйлдэл дээр нь баривчилжээ. Тодруулбал, өчигдөр /2026.11.21/ Тайландын аялал жуулчлалын цагдаагийн алба хаагчид нисэх буудлын зорчигчдын терминалд хяналт шалгалт хийж байх үеэр Монгол Улсын иргэн эмэгтэйг Тайландын иргэний эд зүйлсийг хулгайлж байхад нь илрүүлсэн байна гэж Тайландын хэвлэлүүд өнөөдөр /2026.11.22/ мэдээлжээ.
Тухайн үед хохирогч АНУ руу нисэхээр бэлтгэж байсан бөгөөд цагдаагийн байгууллагаас хураан авсан эд зүйлсийг шалгуулахад өөрийнх нь болохыг баталсан байна. Улмаар түүний иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, банкны карт болон Тайландын мөнгө дэвсгэрт, ам.долларын бэлэн мөнгийг бүрэн буцаан олгосон байна.
Тэгвэл Монгол Улсын 51 настай эмэгтэй баривчлагдахаас өмнө буюу энэ сарын 17-20-ны өдрүүдэд Бангкок хотын Суварнабхуми исэх буудлын зорчигчдын терминалд Япон болон Хятад иргэдийн эд зүйлс алдагдсан хэрэг бүртгэгдсэн байжээ.
Тодруулбал, хохирогчид бэлэн мөнгө, кредит карт болон чухал бичиг баримтаа алдсан тухай цагдаагийн байгууллагад мэдэгдсэнээс гадна зарим хохирогчийн банкны картыг ашигласан тохиолдол ч бүртгэгдээд байж. Ингээд Тайландын мөрдөн байцаагчид нисэх буудлын хяналтын камерын бичлэгийг шалгахад энэхүү хулгайн хэргүүдэд холбогдсон байж болзошгүй этгээдийн биеийн галбир, гадаад төрх хоорондоо төстэй байжээ. Мөн тухайн этгээд нисэх буудал руу Airport Rail Link буюу нисэх буудлын чиглэлийн галт тэргээр зорчдог байсныг тогтоосон байна.
Иймд цагдаагийн алба хаагчид өчигдөр /2026.11.21/ нисэх буудлын галт тэрэгний буудлын орчимд хяналт тавьж, сэжигтэй этгээдийг ажиглаж эхэлжээ. Улмаар орон нутгийн цагаар 11:35 цагийн орчимд өмнөх камерын бичлэгт гарсан этгээдтэй төстэй эмэгтэйг олж харсан байна. Ингээд 12:00 цагийн үед дахин хулгайн хэрэг үйлдэж байхад нь баривчилсан байна.
Үүний дараа цагдаагийн байгууллагаас түүний оршин суудаг Бангкок хотын Хуай Кхванг дүүрэгт байрлах түр амьдарч байсан газарт нь нэгжлэг хийж, нэмэлт нотлох баримт цуглуулсан. Одоогоор Монгол Улсын иргэн эмэгтэйг нисэх буудалд хулгай хийсэн хэрэгт холбогдуулан Суварнабхуми нисэх буудлын цагдаагийн газарт шилжүүлж, хуулийн дагуу шалгаж байгаа гэжээ. Эх сурвалжийн мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Эх сурвалж: mgronline.com