ВИДЕО: Албани улсад өрнөж буй жагсаалын үеэр Дээд шүүх болон төв банкны барилга нь шатжээ

ВИДЕО: Албани улсад өрнөж буй жагсаалын үеэр Дээд шүүх болон төв банкны барилга нь шатжээ

Албани улсын нийслэл Тирана хотод өрнөж буй Засгийн газрын эсрэг масс хамарсан эсэргүүцлийн жагсаал үймээн самууны шинжтэй болон хувирч, улмаар жагсагчид тус улсын Дээд шүүх болон Төв банкны барилга руу дайран орж, гал тавьжээ.

Жагсаалын тав дахь өдөр буюу аравдугаар сарын 17-ны орой Дээд шүүхийн барилгын нэгдүгээр давхар галд автсаныг гал сөнөөгчид яаралтай ирж цурамд оруулсан бөгөөд Хууль зүйн сайд Тони Гогу энэхүү халдлагыг төрийн бус, ард түмний өмч болох хараат бус институциуд руу халдсан хэрэг хэмээн эрс зэмлэн буруушаажээ. Анх аравдугаар сарын 13-нд их, дээд сургуулийн сургалтын төлбөр, орчин нөхцөл, ажилгүйдлийг эсэргүүцсэн оюутнуудын тэмцлээр эхэлсэн уг жагсаал нь Ерөнхий сайдын орлогч Белинда Баллукугийн авлигын дуулиан болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хүргэн Жаред Кушнерийн хэрэгжүүлж буй далайн эргийн тансаг зэрэглэлийн аялал жуулчлалын төслийг эсэргүүцэгчид нэгдсэнээр Засгийн газрыг бүхэлд нь огцрохыг шаардсан бүх нийтийн бослого болон өргөжсөн байна. Одоогийн байдлаар жагсагчид болон хууль хүчнийхний хооронд ширүүн мөргөлдөөн үргэлжилж, цагдаагийн зүгээс нулимс асгаруулагч хий, усан буу, резинэн сум ашиглаж байгаа бол үймээний улмаас 270 гаруй хүн (үүнээс 160 гаруй нь цагдаагийн ажилтан) бэртэж, 400 орчим иргэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Ерөнхий сайд Эди Рама одоогоор огцрохоос татгалзаж, уг үймээнийг гадаад гар хөлийн оролцоотой, улс орныг тогтворгүй болгох гэсэн оролдлого хэмээн мэдэгдээд байна.

ВИДЕО: