УДШ-ийн нийт шүүгчийн хуралдаан маргааш болно

УДШ-ийн нийт шүүгчийн хуралдаан маргааш болно

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан, Шүүгчдийн зөвлөгөөнийг 2026 оны 10 дугаар сарын 19-ний өдөр товлолоо.

Нийт шүүгчийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн А.Ганбаатараас ирүүлсэн Факторингийн тухай анхдагч хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төсөл, Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэнгээс ирүүлсэн Барилгын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөлтэй тус тус танилцаж, санал өгөх асуудлыг хэлэлцэнэ. Түүнчлэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ганбаатар, Ө.Мөнх-Өлзий, Л.Хэрлэнчимэг нараас Улсын дээд шүүхэд ирүүлсэн хүсэлт, Н.Ариунболд нарын нэр бүхий 14 өмгөөлөгчөөс ирүүлсэн хяналтын шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 гэх хүчингүй болсон хуулийн зохицуулалтыг баримталсан гэх агуулга бүхий өргөдлийг тус тус хэлэлцэхээр тогтов.

Мөн Хүүхэд, гэр бүлийн хэрэг, маргааныг дагнан шийдвэрлэх шүүх 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлж буйтай холбогдуулан Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т заасны дагуу “Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтний тайлан гаргах аргачлал”-ын төслийг хэлэлцэнэ. Үүнээс гадна, Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны дэгд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг хэлэлцэхээр болов. Шүүгчдийн зөвлөгөөнөөр Шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг өөрчлөн томилсон шийдвэрийг албажуулах ажиллагааны талаар, хяналтын шатны шүүх хуралдааны дэгийг журамлах боломжтой эсэх тухай эрх зүйн зохицуулалтын талаар танилцуулга, 2027-2028 онд зохион байгуулагдах шүүгчийг мэргэшүүлэх сургалтын сэдэв, оролцох хэлбэрийн талаар санал өгөх асуудлыг тус тус хэлэлцэнэ.




Өнөөдөр үхэр өдөр

5 цагийн өмнө