“Би сурагч боллоо” номд гурван хөлтэй хүүхэд, буруу энгэртэй дээл, Өвөрмонгол гэрийн зураг дүрслэл байхгүй гэлээ

“Би сурагч боллоо” номд гурван хөлтэй хүүхэд, буруу энгэртэй дээл, Өвөрмонгол гэрийн зураг дүрслэл байхгүй гэлээ

Боловсролын яамнаас нэгдүгээр ангийн сурагчдын сурах бичгийн асуудлаар өнөөдөр /2026.10.07/ БЕГ-ын дарга Х.Тамир мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Нэгдүгээр ангийн сурах бичгийг зохиох, хэвлэх, түгээх багц тендерийг өнгөрсөн зургаадугаар сарын 11-нд нээлттэй зарласан. Энэ тендерийн баримт бичгийг дөрвөн компани авч, сурах бичгийг зохиох, боловсруулах ажлыг хийжээ. Гэвч долдугаар сарын 21-нд тендерийг нээхэд шаардлага хангасан компани шалгараагүй байна. Багц тендер байсан тул материал бүрэн бус, мөн компаниудад тавьсан санхүүгийн болон бусад шаардлагыг хангаагүй. Иймээс тендерийг дахин зарлаж, есдүгээр сарын 9-нд сонгон шалгаруулалт явуулснаар “Мөнхийн үсэг” ХХК болон “Соёмбо пресс” ХХК шалгарсан. Эдгээр компани нь өмнө нь сурах бичиг зохиож, хэвлэж байсан туршлагатай бөгөөд тендерийн баримт бичигт тавьсан шаардлагыг хангасан. Тодруулбал, сурах бичгийн ирүүлсэн эхэд Төрийн хэлний зөвлөл, Хүний эрхийн Үндэсний Комисс, Жендэрийн үндэсний хороо, Сурагчийн холбоо гэсэн дөрвөн байгууллагаас санал, дүгнэлт авсан. Мөн сурах бичгийн хуудас бүрийг хянан баталгаажуулж, хэвлэх зөвшөөрөл олгодог бөгөөд мэргэжлийн байгууллагууд хяналт тавьж, хэвлэлийн үйлдвэрт агуулгын болон техникийн редактор ажилладаг. Шинжээчдийн дүгнэлтээр нэгдүгээр ангийн сурах бичгүүдийг хэвлэх боломжтой гэж үзсэн бөгөөд шаардлага хангасан сурах бичгүүдийг хэрэглээнд нэвтрүүлж байгаа юм. Энэ жилийн сурах бичгийн нэг онцлог нь QR кодтой болсон явдал. Тухайн кодыг уншуулснаар сурагчид хичээлтэй холбоотой бичлэг болон нэмэлт материалыг цахимаар үзэх боломжтой.  Цахим орчинд тархсан “Би сурагч боллоо” номд гурван хөлтэй хүүхэд, буруу энгэртэй дээл, Өвөрмонгол гэрийн зураг дүрслэл орсон гэх мэдээлэл тархаад буй. БЕГ-ын дарга Х.Тамирын мэдээлснээр, тухайн номд дээрх зураг, дүрслэл байхгүй" гэлээ.