Оросын холбооны улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хашааг мөргөсөн хэргээр Монгол Улсын иргэнийг шалгаж эхэлсэн гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Тодруулбал, Монгол Улсын иргэн Г.У гэгч нь өнгөрсөн есдүгээр сард /2026.09.09/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж болзошгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хашааг мөргөсөн гэх хэрэгт холбогдсон байна.
Энэ талаарх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, улмаар харьяаллын дагуу тус хэргийг өдгөө Тагнуулын байгууллагаас шалгаж байгаа аж. Учир нь тухайн этгээд Элчин сайдын яамны хашаа руу санаатайгаар халдсан уу, хорлон сүйтгэх шинжтэй байсан уу зэрэг асуудал нь Тагнуулын байгууллагын харьяаллын тулд ийнхүү тус газраас шалгах байгаа гэх мэдээлэл байгаа юм.
Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хашааг мөргөсөн жолооч нь ямар нэгэн далд санаа зорилгоор тус Элчингийн хашааг мөргөөгүй бөгөөд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ анхаарал болгоомжгүйн улмаас Элчингийн хашааг мөргөсөн гэх мэдээлэл байна.
Ташрамд өгүүлэхэд, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам нь Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг бөгөөд тус Элчингийн ойролцоо төв зам байдаг юм.