Тахлын судалгаа хийдэг Оросын хүрээлэнгийн ажилтан амиа алдсан хэргийн талаар тодорхой хариулт авахад Д.Трампын засаг захиргаа хүндрэлтэй тулгарсан талаар CNN агентлаг мэдээлжээ. Оросын албаныхан уг хэргийн учир битүүлэг нөхцөл байдлын талаар хэдэн өдрийн турш мэдээлэл өгөхөөс татгалзсаны эцэст АНУ Москвагаас мэдээлэл авах хүсэлтээ албан ёсоор чангатгасан аж.
Энэ асуудлын талаар мэдээлэлтэй хэд хэдэн эх сурвалжийн мэдээлснээр, Сибирийн Эрхүү хот дахь Тахлын эсрэг судалгааны хүрээлэнгийн 28 настай техникийн ажилтан амиа алдсан явдал АНУ-ын засаг захиргаанд нэн даруй түгшүүр төрүүлж. Үүний улмаас тагнуулын мэдээлэл цуглуулах, мөн нийгмийн эрүүл мэндийн болзошгүй эрсдэлийн эсрэг авах арга хэмжээг төлөвлөх ажлыг эрчимжүүлсэн байна.
Гэвч Орос улс уг хэргийн талаар мэдээлэл хуваалцахаас татгалзаж байгаа нь эдгээр хүчин чармайлтыг хүндрүүлж байгаа аж. Үүний улмаас энэ явдал ямар хэмжээний эрсдэл дагуулж болзошгүй, мөн АНУ хэрхэн хариу арга хэмжээ авах шаардлагатайг албаныхан тодорхойлох боломжгүй хэвээр байгаа аж.
Мягмар гараг /2026.10.06/-ийн орой CNN агентлагт мэдээлэл өгсөн эх сурвалжийн хэлснээр, АНУ мэдээлэл авах хүсэлтээ чангатгаж, дипломат харилцаанд “демарш” гэж нэрлэдэг албан ёсны дипломат шаардлага хүргүүлжээ.
АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч “Бид Оросын засгийн газраас нэмэлт мэдээлэл авахыг албан ёсоор хүссэн” гэж мэдэгдээд, “Мөн мэдээлэл солилцох зорилгоор дэлхийн бусад улс орнуудтай албан ёсны сувгаар харилцаж байна” гэжээ. Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио “Орос улс дэлхий нийттэй илүү их мэдээлэл хуваалцах үүрэгтэй” хэмээн мэдэгдсэн байна. Тэрээр “Магадгүй энэ нь бидний бодож байснаас илүү ноцтой асуудал байж болох юм. Бид сайн мэдэхгүй байна. Одоогоор бидэнд байгаа мэдээлэл хязгаарлагдмал учраас таамаглал дэвшүүлэх нь болчимгүй хэрэг” гэж хэлжээ.
Эх сурвалж: CNN