Мал, амьтны гоц халдварт ямааны годрон өвчнөөс сэргийлэх, зайлшгүй шаардлагаар хэрэглэх вакцин үйлдвэрлэх, нөөц бүрдүүлэхэд шаардагдах нэг тэрбум таван зуун сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ.
Энэ зардалд бэлтгэл, бүтээгдэхүүний үнэлгээ, чанарын баталгаажуулалт, үйлдвэрлэл болон нийлүүлэлтийн зардлыг тооцжээ. Санхүүжилтийг шийдвэрлэснээр “Биокомбинат” ТӨХХК 1.5 сая тун вакциныг хоёр сарын хугацаанд үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Ингэснээр цаашид ямааны годрон өвчнөөс сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэх нөхцөл бүрдэнэ. Вакцины хүртээмж, урьдчилан сэргийлэх арга хэмжээний бэлэн байдлыг нэмэгдүүлнэ гэдгийг ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат онцлов.