Годрон өвчинтэй нэр холбогдож буй “Арвас” үүлдрийн ямаа Монголын хилээр орж ирсэн эсэх асуудлаар ГЕГ-аас тодрууллаа

Годрон өвчинтэй нэр холбогдож буй “Арвас” үүлдрийн ямаа Монголын хилээр орж ирсэн эсэх асуудлаар ГЕГ-аас тодрууллаа

Говь-Алтай, Төв аймгийн сумдад ямааны годрон өвчин илэрч олон тооны ямааг устгалд оруулаад байгаа. Энэ асуудлаар ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат мэдээлэл хийж, хилээр чемоданд хийж оруулж ирсэн байж магадгүй гэсэн агуулгатай зүйлийг ярьсан юм. Тэгвэл бид ГЕГ-ын  Хяналт, хорио цээрийн газрын дарга Б.Сүхбаатар, Хорио цээр, эрүүл ахуй, чанарын тохирол, стандартын хяналт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар болон Мал эмнэлгийн хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч Д.Анхтуяа нартай энэ асуудлаар ярилцлаа.

ВИДЕО: 

- Ярилцлагаа Монгол Улсын хилээр сүүлийн жилүүдэд ямар төрлийн, хэдэн толгой амьд мал импортоор орж ирсэн бэ гэсэн асуултаар эхэлье.

Б.Сүхбаатар: ХХААХҮЯ-ны харьяа Мал эмнэлгийн ерөнхий газраас олгодог импортын мэдэгдлийн хүрээнд гаалийн бүрдүүлэлт хийж орсон амьд малтай холбоотой товч мэдээлэл өгье. Гаалийн байгууллагын мэдээллийн сангийн бүртгэлээр 2022 оны долдугаар сард Франц улсаас 285 толгой сүүний үүлдрийн ямаа хууль ёсоор импортлогдон орж ирсэн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд Мал эмнэлгийн ерөнхий газраас олгосон албан ёсны импортын мэдэгдэл болон гаалийн бүрдүүлэлт хийлгэж импортоор оруулж ирсэн ямаа байхгүй. Харин 2022 оноос нийт 230 толгой үржлийн хонь ХБНГУ-аас импортоор орж ирсэн. Нарийвчлан хэлбэл 2025 оны 12 дугаар сард 60 толгой, энэ оны наймдугаар сард 170 толгой хонь бүрдүүлэлт хийж импортоор орж ирсэн байгаа.

Харин ямааны годрон өвчний халдвартай холбогдуулан яригдаж байгаа “Арвас” үүлдрийн ямаа нь гаалийн байгууллагад бүрдүүлэлт хийсэн зүйл огт байхгүй байгаа. “Арвас” үүлдэр нь БНХАУ-ын үүлдэр. Гэхдээ тухайн улсдаа түгээмэл тархсан бус ӨМӨЗО-ын Ордос хотоос гаралтай, тэр бүс нутагтаа цөм сүрэг нь байрладаг, шилмэл үүлдрийн ямаа юм. Бидэнд өгсөн мэдээллээр энэ үүлдрийн ямааг БНХАУ-ын генийн онцгой санд бүртгэсэн учир экспортоор гаргахыг хатуу хориглосон байдаг. Тиймдээ ч боомт бүхий газруудад онцгойлон хяналт тавьж ажилладаг гэсэн.

- “Арвас” үүлдрийн ямаа Монгол Улсын хилээр орж ирсэн бүртгэл бол байхгүй юм байна. Гэхдээ ороод ирчихсэн байгаа шүү дээ. Энэ асуудалд Гаалийн байгууллагаас ямар арга хэмжээ авч ажиллаж байна. Холбогдох байгууллагаар шалгуулж байгаа гэсэн. Хяналт шалгалтын үйл явц одоо ямар шатандаа явж байна вэ?

Б.Сүхбаатар: Гаалийн байгууллага өөрт хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд албаны шалгалтууд, холбогдох үйл ажиллагааг дотооддоо гүйцэтгэж байгаа. Яг одоо энэ ямааг Монгол Улсын хилээр хэрхэн яаж нэвтрүүлсэн, ямар арга хэлбэр ашигласан, ямар этгээдүүд ямар үүрэгтэй энэ үйл ажиллагаанд оролцсон бэ гэдгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиар олгогдсон тогтсон харьяалал эрх хэмжээний дагуу хуулийн байгууллага шалгаж байгаа. Яг энэ чиглэлээр гаалийн байгууллагаас ЦЕГ, ТЕГ-т хандаж гаргасан хүсэлтийн дагуу бидний зүгээс дотоодод байгаа бүх холбогдох мэдээлэл, эрх хэмжээнийхээ хүрээнд олж авсан баримт материалуудаа хүргүүлээд мэдээлэл солилцон ажиллаж байна.

- Өчигдөр Ерөнхий сайдын шуурхай хурал дээр ГЕГ-ын дарга П.Дэлгэрнаран хэлэхдээ 2025 онд улсын хилээр чемоданд хийсэн ямаа оруулж ирэх гэж байсан нэг тохиолдол бүртгэгдсэн гэж байсан.

Энэ асуудал бол 2025 оны дөрөвдүгээр сарын сүүл үед гарсан асуудал. Тухайн үед ГЕГ-аас БНХАУ-ын гаалийн байгууллага, Гаалийн цагдаагийн байгууллагаас холбоо баригчаараа дамжуулан тодруулга хүсэхэд “Эрээнээс Замын -Үүд чиглэлд Монгол Улс руу гаргахыг завдсан амьд ямаа гарсан. Үүнийг БНХАУ-ын гаалийн хууль тогтоомжийн хүрээнд шалгаад холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж байна” гэсэн мэдээллийг өгсөн.

Хятадын гаалийн байгууллага амьд мал амьтныг хууль бусаар гаргахыг онцгойлон өндөр хяналт тавьдаг. Энэ хугацаанд танай улс руу амьд мал амьтан гаалийн хяналт шалгалт бүхий газраар гараагүй гэсэн мэдээллийг өгсөн.

Гаалийн мэдээллийн санд амьд ямааг хууль бусаар импортолсон бүртгэл мэдээлэл байхгүй гэдэг нь ямааг Монгол Улсад нэвтрүүлээгүй гэсэн нотолгоо бол биш. Өөр ямар нэгэн хууль бус арга хэлбэрээр, магадгүй боомт бус хилийн зурвасаар нэвтрүүлсэн байж болзошгүй тохиолдол байгаа.

- Иргэдийн дунд БНХАУ-ын хилээр хайрцаган дотор ямаа унтуулж оруулж ирдэг. Үүнээс болоод одоо Хятадын хилээр хайрцагтай бараа оруулахгүй гэсэн яриа байдаг л даа.

Б.Сүхбаатар: БНХАУ-ын гаалийн хууль тогтоомж сүүлийн 2-3 жилийн хугацаанд нэлээдгүй чангарсан л даа. Энэ нь зөвхөн ямаатай холбоотой асуудал биш. Хоёр улсын хилээр харилцан хууль бусаар бараа нэвтрүүлэх эрсдэл өндөр байгаа. Түүнээс гадна гаалийн байгууллагын хууль сахиулах чиг үүргийн нэгжүүдийн хамтран ажиллах төлөвлөгөө шинэчлэгдэж, жил бүр хэрэгжиж явдаг. Энэ хүрээндээ гаалийн хууль сахиулах чиглэлийн үйл ажиллагаа хяналтыг өндөржүүлэх арга хэмжээнүүд хэрэгжээд явж байгаа.

- Гадны улсаас импортолж байгаа мал, амьд амьтанд ямар шаардлага тавьдаг вэ. Жишээлбэл, ямар төрлийн шинжилгээ авдаг вэ. Мөн хилээр орж ирснээас хойш хэдий хугацаанд тусгаарлаж сүрэгт нь нийлүүлдэг вэ?

Т.Төмөрбаатар: Амьтан ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх талаар Хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуульд тодорхой заасан байдаг. Мал амьтан импортлоход холбогдох зөвшөөрөл, квотыг Мал эмнэлгийн ерөнхий газар олгодог. Монгол Улсад амьд мал амьтан импортлоход заавал зөвшөөрөгдөх эрсдлийг тооцдог. Өөрөөр хэлбэл, тухайн мал амьтан халдварт өвчин үүсгэхгүй, хүн ам, хүний эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдалд нөлөөлөхгүй байх судалгаа шинжилгээ болон эрсдлийг тооцдог. Сүүлийн үед мал амьтны гоц халдварт өвчин илэрч байгаатай холбогдуулаад Шадар сайдын 2026 оны 218-р тушаалаар аливаа төрлийн өвчин гарахад холбогдох байгууллага нь тэргүүлж ажилладаг. Малын өвчний хувьд Мал эмнэлгийн ерөнхий газар тэргүүлэн ажиллаж , холбогдох ГЕГ, ТЕГ цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллах үүрэгтэй.

Хорио цээр, эрүүл ахуй, чанарын тохирол, стандартын хяналт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар

Д.Анхтуяа: Мал эмнэлгийн ерөнхий газраас эрсдлийг тооцож, эрсдлийн үнэлгээ хийж байж амьд мал амьтан импортолдог. Үүний дараа мал эмнэлгийн ерөнхий газраас импортын мэдэгдэл олгодог.Импортын мэдэгдэл олгосны дараа хилээр орж ирэх үеийн хяналт үргэлжилдэг юм. Хилээр орж ирэх үедээ цаад улсын эрх бүхий байгууллагаас олгосон мал эмнэлгийн гэрчилгээ, үүлдэр фермийнх нь холбогдох гадаад худалдааны бичиг, импортын мэдэгдлийг үндэслээд хил дээр Гаалийн хяналтын улсын байцаагч, Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч үзлэг шалгалт хийдэг. Энэхүү үзлэг шалгалт нь гурван шаттай явдаг. Нэгдүгээрт, бичиг баримтын үзлэг шалгалт, биет үзлэг шалгалт, лабораторийн шинжилгээний шалгалт. Биет үзлэг шалгалтаар тухайн малдаа анхан шатны үзлэг шалгалтыг хийдэг. Харин лабораторийн шинжилгээний хяналтыг тухайн орон нутгийн мал эмнэлэг рүү нь манайхаас шилжүүлдэг. Орон нутагтаа очоод, жишээлбэл хонь ямаа 30-45 хоногийн хорио цээрийн хяналтанд ордог.

- Аливаа нэг аж ахуйн нэгж, иргэн Монгол Улсын хилээр амьд мал нэвтрүүлэхийн тулд ямар бичиг баримт, зөвшөөрөл шаарддаг вэ?

Д.Анхтуяа: Амьд мал, амьтан импортлоход гурван шатны хяналт тавьдаг юм. Импортлохын өмнө, импортлох үеийн, импортолсны дараах гэсэн гурван шатны хяналт байдаг. Импортлохын өмнөх хяналт нь жил бүр Монгол Улс үүлдэр угсаагаа сайжруулахын тулд мал амьтанд квот тогтоодог юм. Квотынхоо хүрээнд ХХААЯ-аас тусгай зөвшөөрөлтэй ААН-үүдэд тоо толгойгоо хуваарилдаг юм. Үржлийн мал импортлохын тулд хоёр улсын хоорондын протолколдоо ямар ямар өвчингүй байх талаар заасан байдаг юм. Энэ хүрээндээ эрсдлийн үнэлгээг хийдэг бөгөөд үүнийг мөн Мал эмнэлгийн ерөнхий газраас хийдэг. Мал эмнэлгийн ерөнхий газраас амьтан, ургамал түүний гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн Хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 26-д заагаад өгчихсөн байдаг. Зөвшөөрөгдөх эрсдэл нь ямар нэг өвчингүй, сүүлийн 2-3 жил ямар нэгэн халдварт өвчин гараагүй бүс нутгаас импортлохыг зөвшөөрдөг. Ингээд Мал эмнэлгийн ерөнхий газраас импортын мэдэгдлээ авна. Мөн цаад талын экспортлогч фермер аж ахуйгаас 30 хоногийн хорио цээрт ордог. Хорио цээрт байх үедээ протоколд заасан үзлэг шинжилгээг хийгээд зориулалтын тээврийн хэрэгслээр улсын хилээр нэвтэрдэг учиртай юм.

Мал эмнэлгийн хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч Д.Анхтуяа