Монголын мото спортын тамирчин, ОУХМ П.Мөрөн Дэлхийн ралли-рейдийн аварга шалгаруулах тэмцээний (W2RC) цувралын дөрөв дэх гараа болох Rallye OLA Energy du Maroc 2026 уралдаанд Монгол Улсаа төлөөлөн оролцож байна.
Марокко улсын Агадир хотоос эхэлж буй тус уралдаанд П.Мөрөн Rally3 ангилалд өрсөлдөж байгаа бөгөөд одоогоор 41 оноотойгоор ангиллын аваргын хүснэгтийг тэргүүлж байна. Түүний гол өрсөлдөгч Эдуардо Алан 40 оноотой байгаа бөгөөд хоёр тамирчны онооны зөрүү нэгхэн оноо байна. П.Мөрөн өнгөрсөн тавдугаар сард Аргентинд болсон Desafío Ruta 40 уралдаанд Rally3 ангиллын пролог болон таван үе шатыг бүгдийг нь тэргүүлж, W2RC-ийн нэг гараанд ангилалдаа түрүүлсэн анхны Монгол тамирчин болсон юм.
Ийнхүү тэрбээр Мароккогийн раллид ангиллын тэргүүлэгчийн байр сууринаас оролцож, дэлхийн аваргын цувралын энэ жилийн аваргын төлөөх өрсөлдөөнөө үргэлжлүүлж байна.