НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд 4.6 жилийн хорих ял оноолоо

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд 4.6 жилийн хорих ял оноолоо

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд холбогдох эрүүгийн хариуцлагын шүүх хурал өнөөдөр болж, түүнд 4.6 жилийн хорих ял оноолоо.

Тодруулбал, шүүгдэгч Э-д холбогдох хэргийн эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг 2026 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 11 цаг 00 минутад хянан хэлэлцээд

  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан (450,000-2,700,00 төгрөгөөр торгох, 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, 1-3 сар хүртэл зорчих эрхийг хязгаарлах ял) хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт 6 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял,
  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан (6 сараас 1 жил хүртэл зорчих эрхийг хязгаарлах, 6 сараас 1 жил хүртэл хорих ял) гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хохирогч Н-ыг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэмт хэрэгт 1 жилийн хорих ял,
  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан (6 сараас 2 жил хүртэл зорчих эрхийг хязгаарлах, 6 сараас 2 жил хүртэл хорих ял) гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг насанд хүрээгүй хохирогч Н-ийн буюу хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт 2 жилийн хорих ял,
  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан (6 сараас 1 жил хүртэл зорчих эрхийг хязгаарлах, 6 сараас 1 жил хүртэл хорих ял) мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд бусдыг мөрдөн мөшгисөн гэмт хэрэгт 1 жилийн хорих ял тус тус шийтгэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж, 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус заасан. Шүүгдэгч Э-д оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 4 жил 6 сараар тогтоож, энэ өдрөөс цагдан хорьж шийдвэрлэв.