П.Амаржаргал: Хэлбэрийн төдий өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулсан

П.Амаржаргал: Хэлбэрийн төдий өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулсан

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт энэ сарын 25-ны өдрөөс мөрдөгдөж эхэлнэ. Нэмэлт, өөрчлөлт мөрдөгдөж эхэлснээр Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орох тухай асуудал хуульчдын дунд маргаан дагуулаад тодорхой хугацаа өнгөрчээ. Тодруулбал, Засгийн газрын дөрвөн гишүүнээс бусад нь “давхар дээл”-ээ тайлах буюу сайдын ажлаа хүлээлгэн өгөх ёстой. Хэрвээ тэгэж чадахгүй бол У.Хүрэлсүхийн Засгийн газар Үндсэн хуулийг зөрчиж, чадамжгүй болно гэх байр, суурийг Ч.Өнөрбаяр тэргүүтэй хуульчид илэрхийлж байгаа юм.

Харин нэр бүхий улс төрчид өчигдөр батлагдсан Засгийн газрын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 2020 оны сонгуулиас бүрдсэн УИХ-аас томилогдсон Засгийн газарт Үндсэн хуулийн дээрх заалт нь албан ёсоор мөрдөгдөж эхэлнэ. Түүнээс У.Хүрэлсүхийн Засгийн газарт хамаагүй гэж байгаа юм.

УИХ нь анхнаасаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг энэ сарын 25-ны өдрөөс гэж зааж өгчихөөд Засгийн газартай холбоотой хэсгийг өчигдөр баталсан нь алдаа юу гэдэг асуудлаар Хууль зүйн ухааны доктор П.Амаржаргалаас тодрууллаа.

-ЗАСГИЙН ГАЗРЫН ДӨРВӨӨС БУСАД ГИШҮҮН УИХ-ЫН ГИШҮҮН
БАЙЖ БОЛОХГҮЙ ГЭДЭГ ЗААЛТ МӨРДӨГДӨХ ЁСТОЙ -

-Ч.Өнөрбаяр тэргүүтэй залуу хуульчдын хэлж буйгаар Засгийн газар нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг энэ сарын 25-ны өдрөөс дагаж мөрдөх ёстой. Энэ дагуу дөрвөөс бусад гишүүнээ явуулж бүтцийн өөрчлөлт хийх шаардлагатай болж таарч байх шиг байна. Үүнд таны байр, суурийг сонсмоор байна?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд зааснаар энэ сарын 25-ны өдөр буюу 12 хоногийн дараагаас мөрдөгдөж эхэлнэ. Мөн мөрдөгдөхгүй ганц, хоёр заалт бий. Тухайлбал, улс төрийн намтай холбоотой хэсгийг дараа дагаж мөрдөхөөр хугацааг нь хойшлуулсан. Засгийн газар бүрэн чадамжтай, огцрохгүй. Гэхдээ одоогийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд “Засгийн газрын дөрвөн гишүүн л УИХ-ын гишүүнийг хавсарч ажиллаж болно. Бусад нь УИХ-ын гишүүн байж болохгүй” гээд заачихсан. Тэгэхээр энэ агуулгын хүрээнд өөрчлөгдөнө.

-Гэтэл Засгийн газар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхгүй. Өөрөөр хэлбэл, энэ сарын 25-ны өдрөөс өмнө дөрвөөс бусад гишүүнээ явуулж чадахгүй гэж байна шүү дээ. Энэ тохиолдолд ямар арга хэмжээ авах ёстой юм?

-Засгийн газрын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг баталбал өөрчлөгдөөд явах байх. Хэрвээ энэ хуулиа баталж амжихгүй бол хууль, эрх зүйн зөрчил үүснэ. Дөрвөн гишүүнээс бусад нь яах вэ гэдэг асуудал гарна. Засгийн газраас тайлбар өгөхдөө “УИХ-аас хууль баталсан тохиолдолд өөрчилнө” гэсэн.

-Хуулийн салбарын нэр бүхий академич нар “Энэ сарын 25-аас Засгийн газар бүтцээ өөрчлөх албагүй” гэсэн тайлбарыг хэлээд байгаа. Таныхаар аль нь зөв юм?

-Хүн бүр үг хэлэх эрх чөлөөтэй. Энэ эрх чөлөөнийхөө дагуу өөр, өөрийн үзэл бодлоор тайлбарласан байх. Нэг хүний ярианы араас шүүмжлэх нь зохисгүй. Миний хувьд бид хуулиа нэг мөр ойлгож, тайлбарлах ёстой. Өөр, өөр юм ярьж болохгүй. Манай хууль зүйн шинжлэх ухаанд тайлбар маш их дутагдаж байна. Онолын хувьд тайлбарлаад явах ёстой. Тухайлбал, Үндсэн хуулийг тавдугаар сарын 25-ны өдрөөс дагаж, мөрдөнө гэдгийг юу гэж ойлгох ёстой юм бэ гэдгийг тайлбарлах байсан. Тайлбар байхгүй учраас дур, дураараа яриад байна. Яг нарийн ярьвал бид Үндсэн хуулийг 1998 оноос хойш 28 жил дагаж, мөрдөж байна. Үүнээс өмнө социалист хэв маягаар байсан. Харин одоо Ардчилсан хэв маягаар байна. Энэ 28 жилд Ардчилсан Үндсэн хуулийн эрх зүйн докторууд 2000 оноос хойш төрсөн шүү.  

-ОЛИГТОЙ ӨӨРЧЛӨЛТИЙГ ХИЙХ БАЙСАН-

-Та Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг боловсруулах дэд ажлын хэсэгт нь орж ажилласан. Тайлбараа тодорхой тавьж өгч болоогүй юм уу?

-Ажлын хэсгийнхнийг салбар, салбарт хувааж ажилласан. Миний ажилласан хэсэг УИХ-ын хэсэг юм. Тэгэхээр би маргаантай хугацааг тогтооход оролцоогүй.

Мөн Үндсэн хуулийн эрх зүйн тайлбар толь гаргах байсан. Герман, Япон, Англид хуулийг маш сайн тайлбарлаад явдаг. Яахав манай хувьд хөгжлийн үе шаттай л холбоотой байх.  Хууль зүйн шинжлэх ухаан хөгжөөгүйтэй холбоотой.

-Ер Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэр сайн боловсруулагдсан бэ?

-Нэмэлт өөрчлөлт шаардлагатай байсан уу гэвэл байсан. Нийгэм хурдан хөгжиж байсан. Харин Үндсэн хууль өөрчлөгдөхгүй хэвээр. Үүн дээр дөрөөлж олигтой сайн өөрчлөлтийг хийх байлаа. Тухайлбал, иргэд маргаангүй зүйлийг л хүсч байна. УИХ, Засгийн газар нь өөр, өөр байр, суурь илэрхийлдэг байсныг тодорхой болгох байсан. УИХ нь өөрийгөө төрийн эрх барих дээд байгууллага гэж ярьдаг. Гэтэл УИХ төрийн эрх барих дээд байгууллага мөн ч юм уу, үгүй ч юм уу. Онолын хувьд биш. Хуулийн амин сүнс гэсэн бүтээлд зааснаар эрх мэдлийг хуваарилна, хуваахгүй. Хуваарилсныхаа дараа адил тэнцүү эрхээр бие, биенээ хянана гэсэн байдаг. Гэтэл адил тэнцүү хуваарилахдаа нэгийгээ төрийн эрх барих дээд байгууллага гээд заасан байгаа юм. Энэ нь эргээд маргаан дагуулаад байна. Бүх хүн хошуурдаг байгууллага болгосон. Ерөнхийлөгчийн институт гэхэд гүйцэтгэх эрх мэдэлтэй юм уу, хууль тогтоох эрх мэдэлтэй юм уу. Заримдаа шүүх эрх мэдэл рүү ч ороод байгаа. Үүнийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр цэгцлэх байсан.

-Цэгцлээгүй юм уу?

-Цэгцлээгүй. Ерөнхийлөгчийн насыг л өөрчилсөн. Хэлбэрийн төдий л өөрчлөлтийг хийсэн. Агуулгын хувьд өөрчлөх байсан. Ажлын хэсэгт байхдаа би хэлж байсан. Одоо ч хэлчихье. УИХ-ын бүрэн эрхтэй холбоотой зарим заалтыг өөрчилмөөр байна. Тухайлбал, УИХ-ын хянан шалгахтай холбоотой хуульд УИХ өөрийнхөө баталсан хуулийг өөрөө хянан шалгадаг байхаар орсон. Гэтэл тэгэж болохгүй. Тийм хянан шалгах бүтэц ч УИХ-д байхгүй. Дэлхий нийтэд Засгийн газар нь УИХ-аа хянан шалгадаг. Хууль зөв үү, буруу юу гэдгийг Засгийн газар мониторинг хийж шалгадаг юм. Засгийн газар том бүтэцтэй шүү дээ.

-Энэ өөрчлөлтийг хийе гэсэн та бүхний үгийг хүлээж аваагүй юм уу?

-Хүлээж аваагүй гэхээсээ илүү хүсэл зориг байгаагүй юм болов уу.

ИРГЭД: Ц.НЯМДОРЖ САЙД ТҮРҮҮЛЖ ЯВАХ ЁСТОЙ

Дээрх яриатай холбоотойгоор бид иргэдийн байр, суурийг сонслоо. Өөрөөр хэлбэл, энэ сарын 25-ны өдрөөс Засгийн газарт бүтцэд өөрчлөлт орох эсэх талаар иргэдийн үгийг сонссон юм. Хэрвээ Засгийн газрын бүтэц өөрчлөгдвөл хамгийн түрүүнд Ц.Нямдорж сайд явах ёстой гэдгийг иргэдийн төлөөлөл хэлж байна.

ВИДЕО: