Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Шатахууны шуурхай штабаас өнөөдөр ээлжит хэвлэлийн хурлыг зохион байгуулж, шатахуун, газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлттэй холбоотой нөхцөл байдал болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр Гадаад харилцааны яамны Хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваа олон улсын газрын тосны зах зээлийн нөхцөл байдал, цаашдын төлөв болон Монгол Улсын зүгээс хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэв. Тэрбээр “Олон улсын газрын тосны зах зээлийн сүүлийн өдрүүдийн хандлагын талаар ГХЯ тогтмол мэдээлэл авч, тандалт хийж байна. Ерөнхий нөхцөл байдлыг харахад сүүлийн өдрүүдэд олон улсын зах зээлд түүхий газрын тосны үнэ бага зэрэг буурах хандлагатай байна. Яг одоо үүсэж байгаа энэ нөхцөл байдлаас илүү чухал асуудал бол геополитикийн нөхцөл байдал болоод байна. Өөрөөр хэлбэл, түлш шатахууныг боловсруулах нь илүү ноцтой, чухал асуудал гэсэн үг. Түүхий газрын тосны зах зээл болон түлш шатахуун боловсруулах, онгоцны түлшний асуудал дунд болон урт хугацаанд үргэлжлэх хандлагатай байна. Бид асуудлыг өөдрөгөөр төсөөлбөл ирэх сар гэхэд түлш, шатахууны нөхцөл байдал тогтворжино гэсэн хүлээлт тавьж болно. Гадаад хүчин зүйлээс хамааралтай, дэлхий нийтэд тодорхойгүй, урьдчилан тааварлахад бэрх нөхцөл байдал бий болоод байна. Цаашлаад түлш шатахууны зах зээлд ямар нөхцөл байдал үүсэж, хэрхэн өөрчлөгдөх нь дэлхий нийтийн асуулт болоод байна. Улмаар урт хугацаанд нөөцөө бэлдэх, дотроо зохицуулалт хийх ажлыг улс орнууд хэрэгжүүлж байна. Тухайлбал, Зүүн Өмнөд Ази, Төв Азийн улс орнуудын түлш шатахуунтай холбоотой жишээ, туршлагыг бид анхааралтай ажиглаж байгаа. Эдгээр хөгжиж буй улс орнуудад төрийн байгууллагуудын шатахууны хэрэглээг бууруулах тодорхой бодлого, алхмуудыг өнгөрсөн хавраас эхлэн авч хэрэгжүүлж байгаа. Үүнээс гадна хувийн байгууллагуудыг уриалах түвшинд гэрээс ажиллах горимыг хэрэгжүүлж байна. Түлш шатахууны нийлүүлэлтийн урсгал асуудалтай байгаа учраас эрэлтийг нь тодорхой хэмжээнд бууруулах алхмуудыг авч хэрэгжүүлж байгаа. Ерөнхий дүр зургаараа дэлхийн улс орнуудын хувьд нийтээрээ өөрийн гэсэн стратегийн нөөцийг бүрдүүлэх асуудалд анхаарлаа хандуулж байна. Монгол Улсын хувьд өнгөрсөн хугацаанд түлш шатахууны нийлүүлэлтийг хэвийн хангах чиглэлд тодорхой алхмуудыг авч хэрэгжүүлсэн. Тухайлбал, Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам, БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, ОХУ болон БНХАУ-д суугаа Ерөнхий консулын газар болон бусад консулын газар, БНСУ-д суугаа Элчин сайдын яам, мөн Европын зарим улс оронд суугаа Элчин сайдын яамны тухайд Монгол Улсын түлш шатахууны зах зээлийг тогтвортой байлгах чиглэлээр ажиллаж байна. Тэр дундаа онгоцны түлшний нийлүүлэлтийг хэвийн байлгах чиглэлээр яриа, хэлэлцээг хийж байгаа” гэлээ.